ЗАМБЫН БАТЖАРГАЛ
(1945-2026)
Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт ЗАМБЫН БАТЖАРГАЛ 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
З.Батжаргал 1945 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил сумын нутагт төржээ.
1954-1964 онд Сагил сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургуульд суралцаж,
1964-1969 онд ОХУ-ын Санкт-Петербург (Ленинград) хотын Ус, цаг уурын дээд сургуулийг төгсөж, цаг уурын инженерийн мэргэжил эзэмшсэн. Улмаар 1975-1978 онд ОХУ-д аспирантурт суралцаж, тоо-физикийн ухааны докторын (PhD) зэрэг хамгаалжээ.
З.Батжаргал нь
- 1969 онд Ус, цаг уурын хүрээлэнд техникчээр ажлын гараагаа эхэлж, мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирал, 1982-1987 онд Ус, цаг уурын албаны Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга,
- 1987-1988 онд Байгаль хамгаалах яамны Мэдээлэл-Тооцооллын төвийн захирлаар,
- 1988-1990 онд өнөөгийн ОХУ-ын Москва хотноо тэр үеийн Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд байгаль орчны шинжээчээр ажиллаж байв. Тэрээр 1980-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан.
З.Батжаргал нь
- 1990-1992 онд Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайд,
- 1992-1996 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар,
- 1996-2001 онд Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын өндөр хариуцлагатай албыг хашжээ.
Энэ хугацаанд Монгол Улсын байгаль орчны, үүний дотор ус, цаг уурын салбарын зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн төрийн бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, салбарын удирдлага, хяналтын тогтолцооны суурийг тавьж, төлөвшүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
З.Батжаргал нь
- 2001-2005 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн байна.
З.Батжаргал нь 1994-1996 онд Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, 1996-1998 онд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байв.
З.Батжаргалын байгаль орчин, ус, цаг уурын салбарын хийгээд төрийн алба, олон улсын байгууллагад ажилласан туршлагыг харгалзан түүнийг
- 2005-2011 онд Дэлхийн цаг уурын байгууллагаас НҮБ болон Хойд Америк дахь олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, Дэлхийн цаг уурын байгууллагын Нью-Йорк дахь салбарын зөвлөхөөр, түүнчлэн ДЦУБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,
- 2000 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын Ерөнхийлөгч,
- 2000-2002 онд тус бага хурлын удирдах товчооны гишүүнээр ажиллаж, ус, цаг уур, уур амьсгал, цөлжилт, байгаль орчны асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсан эрхэм байлаа.
Сүүлийн жилүүдэд Япон Улсын Киото хот дахь Хүмүүнлэг ба Байгаль судлалын хүрээлэнд зочин профессор, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль орчны мэдээллийн төвд зөвлөх, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Монголоос сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөх багийн гишүүн, Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Монгол Улсын үндэсний зохицуулагчаар ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Монгол Улсын бодлого, байр суурийг олон улсын тавцанд илэрхийлэх, эх орныхоо эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр таалал төгсөх хүртлээ байгаль орчны асуудал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилд идэвхтэй оролцож, олон жилийн мэдлэг, туршлагаа салбарын залуу үеийнхэнд өвлүүлсээр иржээ.
З.Батжаргалын эх орон, ард түмэн, байгаль орчин, шинжлэх ухааны хөгжилд зориулсан олон жилийн хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол олгосон.
Тэрээр 1990-1996 онд Тахь нутагшуулах Үндэсний комиссын даргаар томилогдон ажиллаж, Монгол Улсад тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг удирдан зохион байгуулж ажилласан. Ховор амьтныг хамгаалах үндэсний комисс болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж, даргаар нь 1996 он хүртэл ажиллаж, тахь адууг эх нутагт нь сэргээн нутагшуулах үйл хэргийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт хамтын бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн.
З.Батжаргал нь Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэх, эх орныхоо нэр хүнд, эрх ашгийг олон улсын тавцанд төлөөлөн хамгаалах үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, дадлага туршлага, хүч хөдөлмөрөө зориулж, үнэт өв үлдээсэн эрхэм хүмүүн байлаа.
Түүний төр, түмнийхээ төлөө зориулсан хөдөлмөр зүтгэл, эх орныхоо байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, хүнлэг сайхан хөдөлмөрч, даруу төлөв зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар болон ойр дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
|
Эх сурвалж
| Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
|
АДМИН







Нийгэм




