Dark Light
Нийгэм | 2026-08-21

ШАРХАД ДЭД ТӨВИЙН 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь нар оролцлоо. Улаанбаатар хотын ногоон орон сууц нь бусад стандарт барилгуудтай харьцуулахад амьдарч буй иргэнд эрчим хүчний хэмнэлт 25 хувь, усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувьтай гэж үнэлэгджээ. 

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барьж байна. Өнөөдөр эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

Улаанбаатар хотын ногоон орон сууц нь дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчин болон хүнд ээлтэй барилгын материал ашиглаж, ус, эрчим хүчний хэмнэлттэйгээр барьсан нь амьдарч буй хүмүүстэй ээлтэй. Цаашид бид хувийн хэвшилтэй хамтран 4200 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлнэ. Төслийн үр дүнд 8000 өрхийн яндан, 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулж, жилд 2.4 сая кВт.ц эрчим хүч, 5.5 сая литр усыг хэмнэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулна” гэлээ.

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд нийт 4200 айлын ногоон орон сууцыг 120 мянган ам метр ногоон байгууламж, 16.4 км дугуйн зам, 39.2 км явган хүний зам, 3800 автомашины зогсоолын хамт цогцоор нь барихаар төлөвлөж байгаа юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00