УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар 2026.08.20-ны өдөр Төв аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэлийн явцтай танилцлаа. Төв аймгийн хэмжээнд нийт 140 мянган га талбайгаас үр тариа, улаан буудай, хүнсний ногоо, таримал тэжээл, тосны ургамал зэрэг 390 мянган тонн ургац хураан авахаар урьдчилан тооцоолжээ. Түүнчлэн орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилт ямар байгаа талаар газар дээр нь ажиллав.
Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Хос бэрс агро” фермийн үйл ажиллагаатай танилцаж, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэлийн үйл явцыг үзлээ. Тус компани нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, одоогоор 1600 орчим га талбайд улаан буудай, тос, тэжээлийн ургамал тариалж, малын тэжээлийн хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо бүрдүүлдэг байна. Мөн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр саалийн үнээний фермерийн аж ахуй эрхэлж, 160 гаруй үхэр, 1000 гаруй бог мал өсгөн үржүүлж байгааг хэллээ. Өндөр ашиг шимт сүүний чиглэлийн үүлдрийн үхрийг нутагшуулан, зохиомол хээлтүүлгийн аргаар цөм сүргээ нэмэгдүүлж байгаа нь салбарын хөгжлийн сайн жишээ болж байгааг УИХ-ын дарга С.Бямбацогт онцоллоо. Уг ферм зуны улиралд хоногт 1.2 тонн хүртэл сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Сүүгээ жилийн дөрвөн улирлын турш дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлдэг юм байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Сүү бол хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хараат байдлыг бууруулахын тулд фермерүүдийг төрийн бодлогоор тогтвортой дэмжих шаардлагатай” гэв.
Томилолтын баг бүрэлдэхүүн “Нүүдэлчин агро”, “Жаврай үр”, “Шинэ залуучууд” зэрэг улсын хошой аварга тариаланч хамт олонтой уулзаж, газар тариалангийн нөхцөл байдалтай танилцав. “Жаврай үр” компани нь газар тариалангийн салбарт 1996 оноос эхлэн ажиллаж, 2025 онд 170 га талбайд төмс тариалж 3088.5 тонн ургац хурааж улсын хошой аварга тариаланч хамт олноор шалгарсан юм.
АДМИН






Нийгэм





