Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Хотын дарга нарын чуулга уулзалт"-ыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр дараах дөрвөн сэдвээр салбар хуралдаан боллоо.
- Хотын экосистемийг сэргээх нь: Газрын доройтол, тоосжилт болон шороон шуургатай тэмцэх нь,
- Дусал бүрийг хамгаалах нь: Усны хомсдол, ган гачиг болон газрын доорх усны дарамттай тулгарч буй хотууд,
- Амьдрахад таатай хотыг цогцлоох нь: Хотын өсөлт, шилжилт хөдөлгөөн болон газар ашиглалтыг чиглүүлэх нь,
- Амлалтаас түншлэл рүү: Тэсвэртэй өсөлтийн төлөөх ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт болон бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг сэдэвт салбар хуралдаан зохион байгууллаа.
Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлсэн юм.
Мөн “Олон түвшний засаглал болон түншлэлээр дамжуулан орон нутгийн хэмжээнд газрын доройтлыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх манлайллыг сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Хотын дарга нарын чуулга уулзалт ийнхүү өндөрлөж байгаа ч энд өрнөсөн яриа, хуваалцсан санаа, эхлүүлсэн хамтын ажиллагаа шинэ түншлэлээр үргэлжилнэ” гэдгийг онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн “Энд цугласан хотууд байгаль, газарзүй, уур амьсгал, эдийн засгийн хувьд харилцан адилгүй ч гэлээ хоорондоо ойлголцоход урт хугацаа зарцуулах шаардлага гарсангүй. Усны нөөцийн сорилттой тулгарч буй хот, элсэн шуурганы нөлөөг мэдэрч буй хот, хүн амын хурдацтай өсөлттэй зэрэгцэн хөгжлөө төлөвлөж буй хот гэх мэт ялгаа бий хэдий ч бидний өмнө тулгарч буй асуудлууд олон талаараа нийтлэг байна.
Хот бүр өөрийн онцлогтой ч амьдрахад таатай ирээдүйг бүтээх гэсэн зорилгын төлөө нэг хэлээр ярилцаж, ойлголцож чадсандаа туйлын баяртай байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн нийтлэг чиглэл тодорч, хотын хөгжил, газар, ус, байгаль орчны асуудлыг тус тусад нь биш, харилцан уялдаатай авч үзэх ёстой гэсэн ойлголтод хүрлээ. Усны асуудлын хүрээнд зөвхөн хангамжийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглээг зохистой удирдах, алдагдлыг бууруулах, усыг дахин ашиглах, хурын усны менежментийг сайжруулах зэрэг олон талт шийдлийг хамтад нь авч үзэх шаардлагатай.
Мөн хотын тэлэлтийг барилга байгууламж, шинэ суурьшлын бүсээр хязгаарлалгүй, харин хүний хөгжил, нийтийн тээвэр, үйлчилгээний хүртээмж, байгаль орчны даацтай уялдуулан төлөвлөх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай юм. Эдгээр асуудлыг бодит ажил болгоход санхүүжилт чухал байр суурь эзлэх бөгөөд орон нутгийн ногоон төслүүдийг хэрэгжих боломжтой түвшинд нь боловсруулж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудтай холбох нь хамгийн чухал алхмуудын нэг юм. Эдгээр нь зөвхөн хэлэлцүүлгээр хөндөгдөөд өнгөрөх асуудал биш. Харин цаашид хотуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит төсөлтэй холбож, туршлагаа тогтмол солилцох асуудал юм. Улаанбаатар хотын хувьд энэхүү хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлэн хотуудын оролцоо, түншлэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэлээ.







АДМИН






Нийгэм




