Монгол Улс шатахууны хараат байдлаас гарах, шинэ эдийн засаг болон ногоон дэд бүтцийг дэмжих хүрээнд улс даяар “Ногоон өртөө” цахилгаан автомашин цэнэглэх сүлжээг байгуулж эхэллээ.
Тус өртөөнд цахилгаан автомашиныг ердөө 5-30 минутын дотор бүрэн цэнэглэх боломжтой бөгөөд суудлын автомашинаас гадна том оврын цахилгаан автобус, хүнд даацын ачааны автомашиныг ч цэнэглэх хүчин чадалтай юм.
Эдийн засгийн хэмнэлтийн хувьд том оврын цахилгаан автомашин 100 км зам туулахад 6,470 төгрөг, жилд дунджаар 1.2 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Энэ нь уламжлалт бензин болон дизель түлшээр ажилладаг автомашинтай харьцуулахад зардлыг 3-5 дахин бууруулж байгаа бодит хэмнэлт юм.
Түүнчлэн уг дэд бүтцийн туршилтын ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 км замд хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар нэг ч литр шатахуун хэрэглэлгүйгээр ачаа тээвэрлэлтийг амжилттай хийгээд байна.
Цаашид төв замын дагуу 150 км тутамд нэг буюу улсын хэмжээнд нийт 500 “Ногоон өртөө”-ний сүлжээг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр дараах стратегийн болон байгаль орчны ач холбогдлууд бий болно:
-
Валютын гадагшлах урсгалыг зогсооно: Жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.доллар гадагшлахгүй, эх орондоо үлдэнэ.
-
Агаарын охирдлыг бууруулна: Жилд 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурах бөгөөд энэ нь 33 мянган янданг буулгасантай тэнцэхүйц байгаль орчны ач холбогдолтой.
-
Татварын дэмжлэг: Засгийн газраас татварын 1 хувийг шинэ эдийн засаг, шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчлахаар ажиллаж байна.
Энэхүү алхам нь шатахууны хараат байдлаас аажмаар салж, иргэдэд хямд, экологийн цэвэр тээврийн хэрэгслийн сонголтыг олгох, төрөөс шинэ боломжийг нээж өгч буй чухал бүтээн байгуулалт юм.







Нийгэм




