Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын хөгжлийн системийн дарга хатагтай Амина Мохаммедтай уулзаж, санал солилцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, “Юуны өмнө Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж, олон улсын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулахыг зорьсоор ирсэн. Эдгээр зорилгын хүрээнд бид НҮБ, түүний системийн байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, оруулж буй хувь нэмрээ улам нэмэгдүүлэхийг зорьдог.
НҮБ Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нягт уялдуулан баталсан. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын дөрвөн гол бодлогын нэг нь "Ногоон чөлөөлөлт" бөгөөд энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас бүрэн чөлөөлөхөөр ажиллаж байна. Ирэх жил уурын зуухаар халдаг 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ. Боловсролын салбарт байгаль орчинд ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч байна. Малчидаа дэмжиж карбон кредит олон улсад арилжаалж нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ” хэмээв.
Мөн Ерөнхий сайд, Монгол Улс “COP17” бага хурлаас гарах шийдвэр, санаачилгыг бага хурлын хүрээнд хязгаарлахгүй, бодит төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт болгон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байна. Иймд хурлын дараах хэрэгжилтийг хангах чиглэлээр НҮБ-ын системтэй нягт хамтран ажиллах сонирхолтой байна гэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Амина Мохаммед, Монгол Улсын Засгийн газрын манлайллыг өндрөөр үнэлж, “СОР 17” бага хурал олон нийтэд сайн танигдаж, мэдээлэл сайн хүрч, олон улсын анхаарлыг татаж байна гэв. Өчигдөр сайхан боломж тохиож хөдөө орон нутагт очиж бага сургуультай танилцсан. Хүүхдүүд эцэг эхээсээ холдохгүй боловсрол эзэмшиж байна. Мөн мал аж ахуйн уламжлалаа ч гээлгүй суралцаж буйг хараад баяртай байна. Цаашид ч залуучуудыг энэ үйл хэрэгт татан оролцуулахад анхаарч ажиллана. Мөн энхийг сахиулах ажиллагаанд Монголчууд өндөр хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.







Нийгэм




