Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын 42,8 км-ыг хэсэгчлэн ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр (2026.06.27) Өмнөговь аймгийн Цогтцэций суманд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, автозамчид, жолооч тээвэрчид оролцлоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд баригдаж буй энэхүү авто зам нь 240 км урт, 14.5 метр өргөн, 7.5 метр зорчих хэсэгтэй, хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан тусгай зориулалтын зам юм. Өөрөөр хэлбэл, 20-24 тонн хүртэлх ачаалал даах хүчин чадалтай, хүнд даацын автозам юм.
Уг төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу хэрэгжүүлж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээг байгуулж, замын барилгын ажил 2020 оны 6 дугаар сард эхэлж байжээ.
Концессын гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн нөхцөл байдал, барилгын материал, шатахуун болон тээврийн зардлын өсөлт, нийлүүлэлтийн хүндрэл зэрэг олон хүчин зүйл уг төслийн хэрэгжилтэд нөлөөлж ажил удааширсан ч Засгийн газар, Зам, тээврийн яам, орон нутгийн удирдлагууд, концесс эзэмшигч болон гүйцэтгэгч компаниуд хамтран төслийг эрчимжүүлж, өнөөдөр замын 42,8 км хэсгийг ашиглалтад оруулж байна.
Засгийн газар болон ЗТЯ-наас төслийн ажлыг эрчимжүүлж, концессын гэрээний нийт хугацааг өөрчлөхгүйгээр 2026 оны 9 дүгээр сард багтаан бүрэн ашиглалтад оруулах үүрэг чиглэлийг өгсөн байна. Үүний дагуу концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК нь гэрээнд заасан хугацаанд үлдсэн ажлыг бүрэн дуусгаж, замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэхүү хүнд даацын зам ашиглалтад бүрэн орсноор Монгол Улсын нүүрс болон бусад ашигт малтмалын экспортын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, хүнд даацын тээврийн урсгалыг оновчтой хуваарилах, экспортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Мөн тусгай зориулалтын шинэ замыг барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ одоо ашиглагдаж буй Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалтыг оновчтой зохион байгуулж, тээврийн урсгалыг хуваарилах замаар боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Зам, тээврийн сайд онцолж байна.
Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, экспортын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдол бүхий Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын эхний 42,8 км хэсгийг ашиглалтад хүлээн авлаа.







Нийгэм




