2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглагдаж байсан ширээ сандлыг ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аймгийн сургуульд хандивлалаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 187 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургууль болон Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуульд 400 сурагчийн ширээ, сандлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Япон улсын Ямагата мужаас сурагчийн ширээ, сандал авчрах ажлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах санаачилсан бөгөөд энэхүү санаачилга нь сургуулиудын материаллаг орчин, хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах, ашиглах боломжтой ширээ, сандлыг дахин үр ашигтайгаар ашиглах, Монгол Улс, Япон Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Нийслэлийн хэд хэдэн сургуулиар явж, сургалтын орчны нөхцөл байдалтай танилцахад ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй сургуулиуд цөөнгүй байсан. Тиймээс нийслэлд хандаж, Япон Улсаас 400 ширээ, сандал оруулж ирэх боломжтойгоо илэрхийлсэн. Япон Улсын Ямагата муж болон “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүнээр харилцан дэмжиж ажиллах тухай заалт бий. Үүнийг үндэслэн Ямагата мужид хүсэлт гаргаж, ширээ, сандлыг Монголд авчирсан. Хүүхэд тав тухтай, шаардлага хангасан орчинд суралцаж байж чанартай боловсрол эзэмших боломж бүрдэх учраас цаашид боловсролын салбарт цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Удахгүй 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жил нийслэлийн төрийн болон хувийн өмчийн 340 сургуульд 422 мянган сурагч хичээллэж, 37 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Энэ хичээлийн жилийн нэг онцлог нь хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх “Хотхоны бага сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 21 бэлэн объектыг түрээслэн бага сургууль болгон ашиглаж, 8700 орчим хүүхдийг хамруулах боломж бүрдээд байна.
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах санаачилга гаргаж, Япон Улсаас 400 ширээ, сандлыг Улаанбаатар хотод авчирч, нийслэлийн хэрэгцээтэй сургуулиудад хүлээлгэн өгч байгаад талархаж буйгаа илэрхийлье. Ялангуяа шинээр ашиглалтад орж байгаа болон “Хотхоны бага сургууль”-д ширээ, сандлын хэрэгцээ их байгаа. Цаашдаа дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид маань сурагчийн ширээ, сандлыг үйлдвэрлэж, нэг стандарт тогтоож чадвал нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэлээ.
НЕБ-ын 7 дугаар сургуулийн захирал Д.Дашдорж “Манай сургуулийн таван ангид ширээ, сандал хүрэлцээгүй байсан. Өнөөдөр хоёр ангийн ширээ, сандлын асуудлыг шийдэж өглөө. Ингэснээр хүүхдүүд маань илүү тухтай орчинд хичээллэх боломжтой болж байна. Шинэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа маань хэвийн явагдахад ихээхэн дэмжлэг боллоо. Үлдсэн гурван ангийн ширээ, сандлын асуудлыг мөн ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа. Хэдийгээр өмнө нь Япон хүүхдүүд ашиглаж байсан ч чанар, эдэлгээ сайтай, хүүхдүүдэд аюулгүй, сурагчид ашиглахад бүрэн боломжтой юм байна” гэлээ.
Цаашид энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын аймаг, дүүргүүдийг Японы орон нутагтай холбон, боловсролын салбарын туршлага солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтойг холбогдох албаныхан онцоллоо.







Нийгэм




