2026 оны эхний хагас жилд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжирсан бөгөөд үүнд барааны худалдааны ашиг голлон нөлөөлсөн байна. Барааны дансны ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбумаар нэмэгдсэнийг албаныхан хэллээ. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлж, дээрх хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийт 3.7 тэрбум ам.доллараар өссөн бол үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор, анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь урсгал дансанд сөргөөр нөлөөлөв.
Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллараар буурчээ. Үүнд “Оюу Толгой” компани гадаад өр төлбөртөө 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлсөн бөгөөд энэ нь нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг бууруулах эерэг үр дүнтэй.
Мөн гадаад валютын улсын нөөц 2025 оны эцсийн 7.0 тэрбум ам.доллароос 2026 оны зургаадугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ. Экспортын өсөлт болон барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулах гол хүчин зүйл болжээ.







Нийгэм




