Хууль Зүй, Дотоод Хэрэг (ХЗДХ)-ийн сайд С.Амарсайхан Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын удирдлагуудтай уулзаж, хууль бус алт олборлолт, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох арга хэмжээ авч түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэлийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад өгсөн байна.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: "Монгол Улсын хэмжээнд буй хууль бус алт олборлолттой хатуу тэмцэх хэрэгтэй. Ялангуяа Төв, Сэлэнгэ, Булган аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож үйл ажиллагааг шалгах, таслан зогсоох арга хэмжээ авч, машин техникийг хураах ёстой бол хураа. 700-800 тэрбум төгрөгийн асуудал. Хэдэн зуун тэрбум төгрөгийн татвар төлөөгүй асуудал яригдаж байна. Шалгаад тогтоо. Аймаг, сумын засаг дарга, цагдаагийн удирдлагууд юу хийж байгаа юм. Хууль бус олборлолтыг мэдсээр байж гар хөл нь болж, үүрэг даалгаврыг нь биелүүлэн хамсаатан болсон албан тушаалтнуудыг шалга. Жинхэнэ цагдаа гэж байгаа бол олон жилийн хууль бус олборлолттой холбоотой ард түмний шаардлагыг яг одоо тайл. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг элдэв янзаар дарамталдаг, ашиг хонжоо дундаас нь хайдаг, хууль хэрэгжүүлэх нэрээр үйл ажиллагааг нь зогсоодог асуудал хэзээ ч гарах ёсгүй. Хууль бус олборлолтыг улсын хэмжээнд таслан зогсоох үйл ажиллагааг эрчимжүүл. Би 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч байна. Тултал нь шалга. Гэм буруутай нь тогтоогдвол шүүх прокурорт шилжүүл. Та бүхний удирдаж буй цагдаагийн байгууллагыг хэт хувааж, дэмжиж ажилласан албан тушаалтан байвал ажлаас нь чөлөөлж хариуцлага тооц" гэв.







Нийгэм




