Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс 2026”-д эх орноо төлөөлөн оролцож буй Б.Энхтуулын хүмүүнлэгийн төсөл дэлхийн тайзнаа Монголын дуу хоолой болж байгаа юм.
Дэлхийн 111 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд хуран цугларсан 73 дахь удаагийн фестиваль Вьетнам улсад амжилттай үргэлжилж, финалын өдөр ойртсоор байна. Энэ удаагийн дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн оролцож буй үндэсний ялагч Б.Энхтуул зөвхөн гоо үзэсгэлэнгээс гадна нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Beauty With a Purpose” буюу “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” хүмүүнлэгийн төслөөрөө Монголын дуу хоолойг олон улсад цуурайтууллаа. Түүний хэрэгжүүлж буй “Хөхөө хайрлая, халамжилъя, хамгаалъя” төсөл нь Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой аж. “Miss World” тэмцээний албан ёсны хуудсанд онцгойлон дурдсан тус төсөл нь зөвхөн тэмцээний шалгаруулалт төдий бус, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь нийгэмд бодит эерэг өөрчлөлт, манлайлал авчирч чаддагийг харуулсан монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөөх чухал санаачилга болжээ.
Монгол Улсаас “Miss World” тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулах үйл ажиллагааг “Asian Future” компани албан ёсны лицензтэйгээр зохион байгуулж буй бөгөөд тус компанийн захирал Д.Уянгалянхуа энэхүү салбарыг зөвхөн гадаад гоо үзэмжийн өрсөлдөөн гэхээс илүүтэй хүмүүнлэгийн үйлс, гоо сайхны томоохон фестиваль болгон шинэ шатанд гаргахыг зорьж байгаа аж. Уг зорилгын хүрээнд мисс Б.Энхтуул нь зөвхөн тэмцээний оролцогч төдийгүй, Монгол орны өв соёл, үндэсний уламжлал болон орчин үеийн эмэгтэйчүүдийн манлайллыг дэлхийн үзэгчдэд сурталчлан таниулах хариуцлагатай “Соёлын элч” болж байгааг онцоллоо.
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг гоо бүсгүйчүүд хуран цугларсан энэхүү нэр хүндтэй тэмцээний финалыг ирэх сарын 5-нд МҮОНТВ-ээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. Дэлхийн миссийн албан ёсны сувгаар үргэлжилж буй “People’s Choice” буюу “Үзэгчдийн таашаал” санал хураалтад идэвхтэй оролцож, Б.Энхтуулыг дэмжихийг зохион байгуулагчид уриаллаа. Монголын миссээ дэмжих нь монгол эмэгтэй хүний дуу хоолой, манай улсын хүмүүнлэгийн санаачилгыг дэлхийн тайзнаа илүү өндөрт гаргахад оруулах таны үнэтэй хувь нэмэр юм.







Нийгэм



