Фото зургийг | Х.Батболд
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт айлын зуслан, малын бэлчээрийн орчимд орж ирсэн нэг эх хүрэн баавгай, гурван бамбаруушийг холбогдох байгууллагууд хамтран хүн, малын суурьшлын бүсээс холдуулж, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт аюулгүй хүргэлээ.
Тодруулбал: 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагийн орчимд дөрвөн хүрэн баавгай айлын зуслан, малын бэлчээрт орж ирсэн тухай мэдээллийг Баян-Уул сумын Засаг дарга Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байна.
Мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны албан хаагч газар дээр нь ажиллаж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр хүн, малын суурьшил болон бэлчээрээс холдуулах ажиллагааг зохион байгуулжээ. Ажиллагаанд Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа болон Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын нийт 11 албан хаагч оролцсон байна.
Холбогдох байгууллагууд тухайн бүсэд ажиглалт, хяналтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Иргэдэд сэрэмжлүүлэх нь:
- Баавгай үзсэн тохиолдолд ойртож зураг, бичлэг хийх, хоол өгөх, чулуу шидэх, нохой, морь, мотоцикл эсвэл автомашинаар хөөхгүй.
- Иргэд өөрсдөө барих, хордуулах, шархдуулах, хөөж бахардуулах ажиллагаа явуулах нь хүний амь нас, эрүүл мэнд болон зэрлэг амьтанд ноцтой эрсдэл учруулна.
- Баавгай үзэгдсэн болон мөр илэрсэн газарт ганцаараа зорчихгүй, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх;
- Бамбаруушид ойртохгүй, эх баавгай болон бамбаруушийн дундуур орохгүй байх;
- Өглөө эрт, орой бүрэнхий, шөнийн цагаар онцгой сэрэмжтэй байж, нохойг сул тавихгүй байх;
- Хоол хүнс, малын тэжээл, хог хаягдал, мах, загас, малын сэг зэмийг ил задгай байлгахгүй, баавгай татах үнэр, эх үүсвэрийг арилгах;
- Баавгайтай таарвал гүйхгүй, тайван байж, гарах замыг нь хаалгүйгээр нүүрээ бүрэн буруулахгүй аажмаар холдох;
- Баавгай үзэгдсэн газар, цаг, хөдөлгөөний чиглэл болон боломжтой бол зураг, байршлын мэдээллийг аюулгүй зайнаас тэмдэглэж, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байгууллага, хамгаалалтын захиргаанд нэн даруй мэдээлэх шаардлагатай.
Баавгайтай таарсан бол
- Баавгай таныг анзаараагүй бол чимээгүйхэн замаа өөрчилж, ирсэн чиглэл рүүгээ аажмаар холдоно.
- Баавгай таныг анзаарсан бол намуухан, тогтуун дуугаар ярьж хүн гэдгээ мэдэгдээд, гэнэтийн хөдөлгөөн хийлгүй аажмаар ухарна.
- Баавгай довтлон ойртсон үед зугтахгүй. Найдвартай барилга, тээврийн хэрэгсэл зэрэг хоргодох газар ойр байвал тайван шилжин орно.
- Гэнэт цочсон эсвэл бамбарууш, идэш тэжээлээ хамгаалсан шинжтэй дайралтын үед гэдсээрээ доош харж хэвтэн, хөлөө алцайлгаж, хоёр гараараа хүзүү, дагзаа хамгаалж хөдөлгөөнгүй байна.
- Харин удаан мөшгөсөн, майхан эсвэл гэрт нэвтэрсэн, унагаан дайрсаар байгаа бол үхсэн мэт хэвтэлгүй, боломжтой бүх хэрэгслээр хүчтэй эсэргүүцэж, найдвартай хоргодох газар хүрэхийг зорино.
|
Эх сурвалж
| Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
|
АДМИН







Нийгэм





