Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НЭМГ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллагын удирдлагатай уулзаж, өвлийн ачаалалд бэлтгэх, тусламж, үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх болон 2027 оны төсөвт тусгах хөрөнгө оруулалтын саналуудыг асуулаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Түргэн тусламжийн төв, Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллага олон жил болсон эмнэлгийн барилгыг шинэчлэх, засварлах, тохижилт, аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх асуудлыг түлхүү хөндлөө. Түүнчлэн эмнэлгийн үзлэг, оношилгооны хүлээгдлийг бууруулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатайг онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн эрүүл мэнд хотын хамгийн чухал асуудал. Иймд хотын 1.8 сая иргэнд үйлчилдэг 28 эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, шийдвэрлэх асуудлыг сонсож байна. Энэ өвөл эмнэлгийн коридорт ор тавьж, хүүхэд эмчлүүлэхгүй. Иймд ачаалал ихтэй үед 1607 ор нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, 2027 онд яаралтай хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудаасаа эрэмбэлж гаргаж өгөхийг хүсье. 2027 онд дөрвөн эмнэлэг ашиглалтад орно. Хуучин Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хүүхдийн эмнэлэг болгон шинэчилнэ. Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, нийт эмнэлгийн үзлэгийн цаг авах, шинжилгээ, эмчилгээ үзүүлэхэд шуурхай, хүнд сурталгүй байх асуудлыг зөв зохион байгуулж ажилла” гэлээ.
Уулзалтаар Баянгол, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар хотын дарга Б.Пүрэвдагвыг тус төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, бусад дүүргийн эрүүл мэндийн байгууллага 2027 оны төсөвт яаралтай тусгах асуудлуудаа уламжиллаа.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд:
-Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 24 цагаар түргэн тусламж үзүүлдэг. Есдүгээр сараас долоодугаар сар хүртэл их ачаалалтай байдаг. Өнөөдрийн байдлаар 1700-1900 дуудлагатай байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 15 орчим хувиар нэмэгдсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг нэмэгдүүлсэн нь томуугийн дэгдэлтийн үеийн ачааллаас хуваалцаж байна. Засгийн газрын тогтоолоор Үндэсний түргэн тусламжийн төв байгуулахыг ихээр дэмжиж байгаа. Бид иргэдийн дуудлагаар үйлчлэхээс гадна нийслэлээс зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцдог, ачаалалтай ажилладаг.

Ч.Өнөрсайхан: Цэрэг татлагад хамрагдаж байгаа залуусыг эрүүл болгох нь чухал
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан:
-Зорилтот бүлэг болон 6 сараас 6 настай хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулсан. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн хүндрэл, өвдөлт бага байдаг. “Идэр чийрэг монгол цэрэг” төслийн хүрээнд цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан. Өмнөх жилүүдэд зөвхөн цэрэгт тэнцсэн хүмүүст шинжилгээ хийсэн бол энэ жил цэрэг татлагад хамрагдсан хүн бүрд шинжилгээ хийсэн. Биохими, цусны шинжилгээ зэрэг 50 гаруй төрлийн шинжилгээ болон оношилгоо хийсэн. Нийт 2046 залуугаас 50 гаруй хувьд нь буюу 1100 залууд өвчлөл илэрсэн. Иймд цэрэгт татлагад хамрагдаж байгаа залуусыг эрүүл болгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах нь чухал байна. Шүдний өвчлөл бүх эрхтэн системд нөлөөлдөг. Жилээс жилд шүдний өвчлөл ихсэж байна. Эдгээр асуудалд бодлогоор анхаарахыг хүсье.
Б.Бат-Амгалан: 150 км бартаатай замаар явж, эрүүл мэндийн тусламж үзүүлдэг
Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Амгалан:
-Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн шинэ автомашинтай болж байна. Гачуурт тосгонд хоёр талдаа 150 км бартаатай замаар явж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвд автомашины гарааш байхгүй. 2027 оны төсөвт саналаа өгсөн автомашины гарааш барих хүсэлтийг дэмжиж өгөөч” гэв.
Ө.Өлзийпагам: Зөвшөөрөлгүй барилгад 10 жил үйл ажиллагаа явуулж байна
Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Өлзийпагам:
-Манай Эрүүл мэндийн төвийн барилга 2016 онд ашиглалтад ороод, үүнээс хойш улсын комисс хүлээж аваагүй, зөвшөөрөлгүй барилгад 10 жил үйл ажиллагаа явуулж байна. Лаборатори, дүрс оношилгооны тоног төхөөрөмж шаардлагатай байна.
Э.Алтнаа: Туул тосгоныхон 30-40 км явж, рентгенд харуулдаг
Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Э.Алтнаа:
-Хотын төвөөс 45 км зайд орших Туул тосгонд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Дүрс оношилгооны эмчтэй, өрөө нь байгаа боловч рентген байхгүй. Иргэд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд очиж үйлчлүүлдэг. Эмнэлгийн барилга өвөлдөө хүйтэн, зундаа халуун. Энэ нь дээврийн асуудалтай холбоотой учраас 2027 эмнэлгийн дээврийг шинэчлэх саналаа НЭМГ-т хүргүүлсэн.
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм



