Dark Light
Эдийн засаг | 2026-10-26

ЛАДАХЫН ПАШМИНА НООЛУУРЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ АЯНД МОНГОЛ, ЯПОН, ТАЙЛАНД УЛСУУД НЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | SNS

Энэтхэгийн Ладах (Ladakh) бүс нутгийн алдартай, үнэт Пашмина ноолуурыг дэлхийн тансаг зэрэглэлийн түүхий эдийн зах зээлд гаргах, орон нутгийн малчид, гар урчуудыг олон улсын худалдан авагчидтай шууд холбох зорилготой хоёр өдрийн "Ladakh Pashmina Conclave" зөвлөгөөнийг тус бүсийн Амбан захирагч Винай Кумар Саксена Лех хотноо нээлээ хэмээн The Statesman мэдээлж байна.

Тус арга хэмжээнд Монгол, Япон, Тайланд улсын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Ладахын "Алтан ширхэгт" хэмээгддэг Пашмина ноолуурын өртгийг нэмэгдүүлэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийлж байгаа нь энэ юм. 

Монгол Улстай хийх малчдын туршлага солилцооны хүрээнд Амбан захирагч Саксена Монголын төлөөлөгчдөд хандан Ладахын Чангтанг бүс болон Монголын тал хээрийн малчид, техникчид, судлаачдыг харилцан солилцох санал тавилаа. Тэд уламжлалт бэлчээрийн маллагааны арга туршлагаас хуваалцаж, мэдлэгээ бэхжүүлэх бүрэн боломжтой юм. Тэрээр хэлсэн үгэндээ бид өрсөлдөгчид биш, чанартай байгалийн ширхэгт түүхий эдийн түүхийг хамт бүтээж буй түншүүд гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байна.

Япон улстай хийх технологийн түншлэлийн хувьд Японы түншүүдийг нарийн ээрэх, эцсийн бүтээгдэхүүний гүйцэтгэх боловсруулалт, чанарын баталгаажуулалт, гарал үүслийг мөрдөн мөшгөх систем дээр хамтран ажиллахыг урилаа. Мөн Японы брэндүүдтэй дизайн тал дээр хамтрах, шууд худалдааны суваг нээхийг уриалсан юм.

Үйлдвэрлэлийг орон нутагт үлдээх алсын харааны тухайд Амбан захирагч Саксена Пашмина ноолуурын үр өгөөж нь түүнийг гардан бэлтгэдэг Чангпа малчид, эмэгтэйчүүдийн хоршоолол, залуу бизнес эрхлэгчдэд шууд очих ёстойг санууллаа. Тэрээр бидний алсын хараа тодорхой бөгөөд Пашминаг Ладахад үйлдвэрлэж, Ладахад боловсруулж, Ладах Пашмина гэж брэнд болгон, Ладахаас дэлхий дахинд гаргах ёстой гэдгийг хэлэв.

Тус зөвлөгөөний үеэр Энэтхэгийн Нэхмэлийн яам болон Ладахын засаг захиргаа хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурснаас гадна газар зүйн заалтын (GI) баталгаажсан тэмдэг бүхий Ладах Пашминад зориулсан шуудангийн маркийг албан ёсоор худалдаанд гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10