Япон улсын нэр хүндтэй Шиншю их сургуулийг (Shinshu University) төгссөн Монголын залуу инженер Мөнхбатын Ариунболд Нагано мужийн үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах, бэхжүүлэх стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ерөнхий инженер бөгөөд талбайн удирдагчаар ажиллаж, Чикума гол дагуух дэд бүтцийн гурван том төслийг амжилттай удирдан дуусгажээ.
Японы засгийн газар 2019 онд болсон "Хагибис" (Hagibis) хэмээх хөнөөлт хар шуурганы дараа хамгаалалтын байгууламжуудыг бүрэн шинэчлэх шийдвэр гаргасан юм. Тухайн үед дээд амжилт тогтоосон их хэмжээний аадар бороо орсны улмаас Чикума голын далан сэтэрч, Нагано мужийн орон сууцны хорооллууд усанд автан, гамшгийн хэмжээний үер болж байв. Үүний дараа Япон улсын засгийн газар эвдэрсэн хэсгүүдийг зүгээр нэг нөхөх бус, ирээдүйд тохиолдож болох байгалийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай, дэвшилтэт технологи бүхий усны инженерийн байгууламжийн системийг бүхэлд нь шинэчлэн бэхжүүлэх стратегийн шийдвэр гаргажээ.
.jpg)
Хагибис хар шуурганы улмаас Чикума голын далан сэтэрч, Нагано мужийн орон сууцны хороолол үерт автсан нь. Япон улс, 2019 оны 10 дугаар сарын 13.
Мөнхбатын Ариунболд нь 2016 онд Монголд дунд сургуулиа төгсөөд инженер-техникийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн дагуу Япон улсыг зорьсон байна. Тэрээр 2022 онд Шиншю их сургуулийн Инженерийн факультетийг "Усны орчин ба иргэний барилгын инженер" мэргэжлээр бакалавр болон магистраар амжилттай дүүргэжээ. Тэрээр магистрантурт суралцаж байх хугацаандаа дадлага хийж, улмаар Нагано мужийн барилга, дэд бүтцийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох "Iijima Construction" (飯島建設株式会社)-д тэргүүлэх инженерийн албан тушаалд албан ёсоор уригдан ажиллаж эхэлсэн аж.
Чикума гол дээрх барилгын ажил нь маш нарийн онцлогтой бөгөөд хүндрэлийн түвшин өндөртэй байв:
- Өвлийн эрс тэс уур амьсгал: Голын голдирол дагуух ажлын үндсэн үе шатууд нь зөвхөн усны түвшин хамгийн доод цэгтээ хүрдэг өвлийн улиралд л боломжтой байдаг. Энэ нь ажлын багагаас цаг агаарын хүнд нөхцөл, хасах градусын хүйтэнд, богино хугацаанд хүчээ дайчлан ажиллахыг шаарддаг байна.
- Дэвшилтэт технологи, чанарын стандарт: Төслүүдийн хүрээнд усны урсгалын хурд болон даралтыг сааруулах бетон блокуудын инновацийн систем, мөн эрэг орчмын гүн бэхжүүлэлтийг нэвтрүүлсэн байна. Японы барилгын стандартууд нь дэлхийн хамгийн хатуу шалгууртайд тооцогддог билээ.
- Шууд удирдлага ба тооцоолол: GenZ үеийн залуу төлөөлөл болох Ариунболд нь төслийн талбай дээрх геодезийн өндөр нарийвчлалтай хэмжилт, инженерийн тооцооллыг биечлэн гүйцэтгэж, Японы барилгын бригадаас эхлээд хүнд даацын техникийн операторуудыг шуурхай удирдлагаар ханган ажилладаг байна.
Японы иргэний барилгын салбар шиг уламжлалт бөгөөд өндөр технологижсон өрсөлдөөнт талбарт Монгол инженер ийнхүү амжилт гаргасан нь Монголын шинэ үеийн мэргэжилтнүүд олон улсын тавцанд өндөр чадвартай, өрсөлдөх чадвартай болохыг харуулсан хэрэг боллоо. Мөнхбатын Ариунболдын Япон улсад хуримтлуулсан энэхүү туршлага нь Монгол Улсын үерийн хамгаалалтын систем болон усны инженерийн салбарыг хөгжүүлэхэд асар том хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
ТАТАР МАЙДАР






Нийгэм





