Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр “Зөвшөөрлийн шинэчлэл–Хялбар зохицуулалт–Бизнесийн таатай орчин” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо.
Арга хэмжээнд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хууль эрх зүйн шинэчлэл, зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, цахим системийн хөгжил болон тулгамдсан асуудлын талаар санал солилцов.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн онцлох зохицуулалтын хүрээнд зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчөөгүй иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг магадлан шалгах ажиллагаа хийхгүй, ажлын хоёр хоногийн дотор сунгах боломж бүрдсэнийг онцоллоо. Судалгаагаар 49 мянга орчим тусгай болон энгийн зөвшөөрөл энэ зохицуулалтад хамрагдах боломжтой байна.
Мөн зөвшөөрөл олголтыг үндэслэлгүйгээр саатуулах, татгалзах зэрэг зөрчилд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох зөрчил, гомдол мэдээллээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлэх боломжтой юм.
Сургалтын үеэр зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, цахим үйлчилгээ, хууль, журмын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, оролцогчид практик сургалтад хамрагдлаа. Зөвшөөрөл олголтыг илүү шуурхай, нээлттэй, хялбар болгох нь бизнесийн орчныг сайжруулж, иргэн, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг хэмнэх чухал зохицуулалт болж байна.
АДМИН


)
Нийгэм




