Дэлхийн банкны "Ухаалаг засаг-2" төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хариуцан ажиллуулдаг "Байгаль орчны мэдээллийн сан"-г иж бүрэн шинэчлэх төсөл эхэллээ. Төслийн үндсэн захиалагчаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, гүйцэтгэгчээр IT Zone ХХК ажиллана.
2008 оноос үе шаттайгаар хөгжүүлж ирсэн тус мэдээллийн сан нь өнөөдөр байгаль орчны суурь 23 мэдээллийн сан, 53 дэд сангаас бүрдэж байна. Технологийн хурдацтай хөгжлийн улмаас системийн программ хангамж, дэд бүтцэд шинэчлэл зайлшгүй шаардлагатай болоод байсан юм.
Төсөл эхэлсэнтэй холбогдуулан оролцогч талуудын уулзалтыг Цаг уур, орчны шинжилгээний газарт зохион байгууллаа. ЦУОШГ-ын дарга Э.Баттулга өгөгдлийг стандартчилж, API-аар солилцдог, цаашид машин сургалт, хиймэл оюун ухаан, прогноз, загварчлалд ашиглахад бэлэн бааз бүрдүүлэхийн зэрэгцээ мэдээллийн дэд сан хоорондын уялдааг сайжруулж, шийдвэр гаргалтыг дэмжих систем болгон хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага болж буйг онцлов.
Шинэчлэгдсэн мэдээллийн санг төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН систем, E-Mongolia зэрэг цахим системүүдтэй холбон, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
АДМИН






Нийгэм




