Монгол бөхийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын өгсөн мэдээллээс онцлох нь:
- Бадарч гардид барилдах бүх боломж байсан. Одоо ч байгаа. Яг өнөөдрийн байдлаар эрх сэргэх гэдэг нь Олон улсын болон Үндэсний бөхийн дүрмийн ямар заалтаар сэргэх асуудлыг мөн МҮБХолбоо допингийн зөрчлөөр эрх хасах, сэргээхгүй болсон гэдгийг ер ойлгож өгөхгүй байна. Хууль дүрмийн дагуу тогтоол шийдвэртэйгээр эрх хасагдсан хугацаа багасна.
Энэ нь:
- Олон нийтээс гэм буруугаа хүлээх,
- Бусдыг хориотой эм бэлдмэл хэрэглэхээс сэргийлж сургалт болон бусад үйл ажиллагааг Допингийн эсрэг байгууллагатай хамтарч хийх,
- Хууль, шүүхийн байгууллага мөн Спортын арбитрын шийдвэрээр сэргэхээр дүрэмд тусгагдсан байгаа.
Дүрэмд заасны дагуу гэм буруугаа хүлээж, Допингийн эсрэг байгууллагатай хамтарч ажиллаж эрхийн хугацаагаа багасгасан бөхчүүд барилдаад цол, чимгээ нэмээд явж байна.
Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны шийдвэрээр хугацаагаа 1 жил багасгаад Э.Оюунболд арслан 2021 онд, 2019 оны шийдвэрээр 1 жил эрхээ хасуулаад цол хураалгахгүйгээр Бямба-Очир начин, Спортын арбитрын шийдвэрээр Бэгзсүрэн харцага 4 жилийг 2 жил, Увсын Мөнхбаяр харцага, тухайн үеийн цолоор аймгийн арслан Өсөхбаяр нар 1 жилээр эрхээ хасуулж барилдсан.
Мөн Өсөхбаяр аймгийн арслан 1 жилээр эрхээ хасуулсан байна. Тэгэхээр Бадарч гардийн хувьд дээрх 3 заалтын аль нэгийг хэрэгжүүлбэл Допингийн эсрэг байгууллагаас санал ирүүлнэ.
Түүнийг МҮБХ саналыг хэлэлцэж дэмжигдвэл барилдаанд бүртгэх юм.
Түүнээс ОУ-ын болон Үндэсний дүрэмд дэмжигчдийн саналаар, аавын хүүхдүүд адил гэх зэрэг уянгын халил, хар яриа огт байхгүйг хууль гадарлах захын хүн мэднэ.
- Бадарч гардийн зүгээс 2023 онд эрхээ хамгаалуулахаар Монголын Үндэсний бөхийн холбоонд хандсан. Түүний дагуу өнөөдрийг хүртэл түүнд зөвлөгөө, чиглэл өгч ажилласан. Өнөөдөр төрийн зарим байгууллагаас Бадарчид би үг зааж өгч яриа өгүүлээд байна уу гэж хүртэл хардаж ярьж байна. Түүний хэлснээр улс төрийн нөлөөгөөр хариуцлага тооцсон гэдэг бол огт үндэслэлгүй. Үүний дагуу Бөхийн холбоо, Архангайн дэвжээний зүгээс анхаараагүй байна гэсэн бодолтой байж огт болохгүй. Монгол улсын Төрийн тэргүүн зөвхөн энэ асуудлаар дуудан уулзаж, анхаарч ажиллахыг хэлсэн. Ийм байхад ямар юмны улс төр гэж байх юм. Бүх зүйлийг өөрт нь тайлбарлаж ойлгуулахыг хичээж ирсэн. За гээд гардаг. Дараа нь хэн нэгний үгэнд ороод алга болдог.
- Сум, аймгийн баяр наадам, улсын баяр наадмын талаар сэтгүүлчдийн хэлж байгаа зүйлд хариулт өгөхөд 2026 оны 10-р сард Монголын Үндэсний бөхийн холбооноос нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд дорвитой өөрчлөлт оруулахгүй бол бөхийн найрааны асуудал, сум, аймгийн баяр наадам болон улсын баяр наадмын ам авалт зэрэг дээр олон нийтийн зүгээс маш их сэтгэл дундуур байгаагаа МҮБХ-нд удаа дараа илэрхийлж гомдол, өргөдлүүд ирээд байна.
Сумын наадмын барилдааны будлианыг сумын дарга нар, сумын иргэд хийгээгүй. Аймгийн наадам бас адил, аймгийн ард иргэд, дарга удирдлагад ямар ч буруу байхгүй. Тэд үнэнч шударга, уран хурц, барилдаан үзэхийг л хүсэж байгаа. Үүнийг одоо барилдаж байгаа манай бөхчүүд л будлиулж байна.
Улсын наадам бас адил. Монгол үндэсний бөх нь олон зуунаас ирсэн уламжлал болон спортын хэв шинжийн нийлмэл дээр тогтдог өвөрмөц спорт. Тэгэхээр үүнийг харгалзан үзэн гурвын даваанд ам авах, цол дуудах нь хэвээр буюу хязгаартайгаар дөрвийн даваанд сугалаа гэх мэт өөрчлөлтүүдийн санал ихээр гарч байна. Биднийг барилдаж байхад 4-ийн даваанд ам авдаг байсан. Ямар асуудал үүсдэгийг бүгд мэддэг байсан тул 2003 оноос оноолтоор барилдсан. Бөхчүүд бидэнд өгдөг бай шагнал, урамшуулал, хайр халамж хангалттай болсон. ард түмэн үүнийхээ хариуд шударга бус барилдаан, ёс зүйгүй бүдүүлэг үйлдлүүдийг харахыг хүсэхгүй болсон байна.
- Ес зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд рүү УИХ-ын гишүүдээс эхлэн нэр нь үл мэдэгдэх дугааруудаас удаа дараа дарамт, шахалт үзүүлдгээс гишүүд ажиллах их төвөгтэй болж байна. Зарим гишүүд халгаж, төвөгшөөж байна. Тиймээс Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл шинэчлэн байгуулагдаж ёс зүйн асуудал дээр анхаарч ажиллана.
АДМИН





Нийгэм




