Фото зургийг | Photo: the National Committee on Ecology and Climate Change Uzbekistan
Узбекистан болон Монгол Улс хамтран хуурайшсан, доройтсон газрыг нөхөн сэргээх, элсэн болон шороон шуурганы нөлөөллийг бууруулах зорилготой “Арал-Говийн түншлэл”-ийг хөгжүүлэхээр тохиролцлоо. Хоёр улс байгаль орчны нийтлэг тулгамдсан асуудлуудын эсрэг хариу арга хэмжээг хамтран зохицуулахаар ийнхүү зорьж байна.
Энэхүү шийдвэрийг Узбекистан улсын Экологи, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооноос гаргасан мэдэгдэлд тусгажээ. Тус хорооны дарга бөгөөд Узбекистаны ерөнхийлөгчийн байгаль орчны асуудал эрхэлсэн зөвлөх Азиз Абдухакимов Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир нар уулзаж, байгаль орчныг хамгаалах, газрыг нөхөн сэргээх, уур амьсгалд дасан зохицох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна.
Уулзалтын үеэр талууд Узбекистан, Монгол улсад цөлжилт, бэлчээрийн доройтол, ган гачиг, улам ширүүсэж буй элсэн болон шороон шуурга зэрэг байгаль орчны ижил төстэй сорилтууд тулгарч байгааг тэмдэглэв. Эдгээр асуудлууд нь хоёр орны экосистем, хөдөө аж ахуй, ард иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Иймд талууд “Хуурай бүс нутгийн экосистемийг нөхөн сэргээх, элсэн болон шороон шуургыг бууруулах Арал-Говийн түншлэл”-ийг хамтран хөгжүүлэхээр зөвшилцлөө.
Энэхүү санаачилга нь эхний ээлжинд дараах ажлуудад анхаарлаа хандуулна:
- Узбекистан болон Монгол Улсад туршилтын бүсүүдийг тодорхойлох.
- Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг үнэлж, тодорхой төслийн саналуудыг бэлтгэх.
- Доройтсон газар, бэлчээрийг нөхөн сэргээх, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, газрын тогтвортой менежментийн туршлагыг нэвтрүүлэх зэрэг юм.
Үндэсний хорооны мэдээлснээр “Узбекистан, Монгол улс хамтарсан төслийн саналуудыг боловсруулж, олон улсын санхүүжилтийг татах” зорилготой байна. Улмаар Уур амьсгалд дасан зохицох сан (Adaptation Fund), Дэлхийн байгаль орчны сан (GEF), Уур амьсгалын ногоон сан (GCF), Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн механизмаар дамжуулан санхүүжилт босгох боломжийг эрэлхийлэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцыг даргалж байгаа нь хамтарсан санаачилгыг ахиулах, хуурай газрыг нөхөн сэргээх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэмэлт боломж олгоно гэж үзэж байна.
Хамтын ажиллагааны өөр нэг санал болгож буй чиглэл нь Төв Ази болон Монголын газрыг нөхөн сэргээх төслийн бэлтгэл үйл ажиллагаа (CA+M Land PPF) юм. Энэхүү механизм нь тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоос эхлээд олон улсын санхүүжилтийг татахад шаардлагатай баримт бичгийг боловсруулах хүртэл, хөрөнгө оруулалтад бэлэн болсон газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг хөгжүүлэхэд туслах зорилготой юм.
Энэхүү санаачилга нь байгаль орчны нийтлэг сорилтуудыг бүс нутгийн зохицуулалттай төсөл болгон хувиргах практик тогтолцоо болох бөгөөд Төв Ази болон Монгол дахь газрыг нөхөн сэргээх хүчин чармайлтыг олон улсын уур амьсгал, байгаль орчны санхүүжилттэй холбож өгөх ач холбогдолтой ажээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




