Сурагчдын нас, ангийн онцлогт тохирсон гэрийн даалгавар өгч, хэт ачаалал үүсгэхгүй байх утга бүхий "гэрийн даалгаварт тавигдах чиглэл"-ийг Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн А/276 дугаар тушаалаар баталлаа. Ингэхдээ гэрийн даалгавар бол сурагч бие даан ажиллах чадвараа хөгжүүлэх , үзсэн хичээлээ бататгах зэрэг ач холбогдолтой боловч хэмжээ давтамж нь хэтэрч, нас хөгжлийн онцлогт нийцээгүй тохиолдолд сургалтын чанарт сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Иймд Нийт ЕБС-ын багш нар сурагчдадаа гэрийн даалгавар өгөхдөө дараах үндсэн зарчмуудыг заавал баримтлах шаардлагатай болж байна. Үүнд: Зорилготой байх, нас хөгжлийн онцлогт нийцсэн байх, хугацааны зохистой хязгаартай байх, бие даан гүйцэтгэх боломжтой байх, амралт чөлөөт цагийг хүндэтгэх, үр дүнг эргэх холбоотой болгох зэргийг тусгасан байна. Мөн гэрийн даалгаврын төрөл, хугацаа зохион байгуулалтыг нарийвчлан чиглүүлсэн байна. Тухайлбал 1-4 дүгээр ангийн сурагчийн нэг хоногт гэрийн даалгаварт зарцуулах дээд хугацаа 10-40 минут, 5-8 дугаар анги бол 50-80 минут байна гэх тооцоолол гаргажээ. Өөрөөр хэлбэл анги ахих тусам нэг хоногт гэрийн даалгаварт зарцуулах дээд хугацааг 10,10 минутаар нэмэх зарчимтай болж байгаа юм. Мөн тус чиглэлийн 4.12-р хэсэгт суралцагчийн гэрийн даалгавар, явц, гүйцэтгэлийн үр дүнг олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк групп чат ашиглан түгээхийг хориглоно гэж ч тусгажээ. Боловсролын яам энэ ГЭРИЙН ДААЛГАВРЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ-ийн хэрэгжилтэд сургууль бүрийн захирал, сургалтын менежерүүдийг хяналт тавихыг үүрэг болгосон байна. Үүрэг чиглэл буулгаж цагаан дээр хараар бичээд тамга дарах амархан. Харин эцэг эхчүүд энэ чиглэл бодит байдал дээр огт хэрэгжихгүй байгаа тухай сошиал орчинд сэтгэгдлээ илэрхийлж байгаа харагдана.
|
Эх сурвалж
| БОЛОВСРОЛЫН ЯАМ
|
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм





