Сүүлийн өдрүүдэд Увс аймгийн Түргэн, Сагил, Ховд, Бөхмөрөн, Тэс, Зүүнговь, Зүүнхангай сумдын нутаг дэвсгэрт хүрэн баавгай үзэгдэж, зарим тохиолдолд малчин өрхийн ойролцоо болон суурьшлын бүсэд орж ирсэн мэдээлэл бүртгэгдээд байна.
Үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаар “Шуурхай арга хэмжээ зохион байгуулах тухай” албан даалгаврын хэрэгжилтийг ханган Увс аймгийн Засаг даргын 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/590 дүгээр захирамжаар шуурхай ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсэг нь хүрэн баавгайн байршил, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг шуурхай хүлээн авч нэгтгэх, эрсдэлтэй бүсэд хяналт тавих, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авах чиглэлээр ажиллана.
Мөн хүрэн баавгай хүн, мал болон айл өрхийн орчимд давтамжтай үзэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул учруулах өндөр эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд авах арга хэмжээ, шаардлагатай зөвшөөрлийн асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд албан хүсэлт хүргүүлээд байна.
|
Эх сурвалж
| Увс аймгийн Засаг Даргын Тамгын газар
|
АДМИН





Нийгэм



