Dark Light
Нийгэм | 2026-11-05

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА КРАКОВ ХОТЫН ЯГЕЛЛОНЫ ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Гандантэгчэнлин Хийд

Монголын Бурханы Шашинтны Төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотын Ягеллоны Их Сургуульд айлчиллаа.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Ягеллоны их сургуулийн Ойрхи болон Алс Дорнодын хүрээлэнд зочилж, тус сургуулийн Польш, Монгол оюутан, багш ажилтнуудтай уулзах үеэрээ "Түүхэн болон орчин үеийн нөхцөл дэх Монголын бурхны шашин" (Mongolian Buddhism in Historical and Contemporary Context) сэдвээр лекц уншсан юм. Монгол дахь буддизмын түүхэн хөгжил, коммунизмыг даван туулж сэргэсэн үйл явц болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар харилцан яриа өрнүүлжээ. 

Тэрээр оюутан залуусын сонирхсон асуултад хариулан харилцан яриа өрнүүлэн тэргүүн хамба лам оюутан залууст хандан: “Эрүүл байх нь эрдэм номд суралцахын эхлэл хичээл зүтгэлээр эрдмийн оргилд хүрдэг билээ” хэмээн сургамж айлдлаа.

Оюутнууд Орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтууд болон Буддын гүн ухааны логик сэтгэлгээ, судалгааны аргуудыг хэрхэн уялдуулан хөгжүүлэх боломжтой талаар сонирхон асуужээ. Католик шашны гол төвүүдийн нэг болох Польш улсад айлчилж буйн хувьд буддын шашин болон бусад шашин хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг оюутнууд сонирхсон байна. Хамба өнөөгийн нийгэмд тулгарч буй ёс суртахууны доройтол, шударга ёс, хүмүүст тэгш боломж олгох, хүний хөгжил болон сайн сайхан байдлыг шашны сургаалиар дамжуулан хэрхэн дэмжих тухай хөндсөн байна. Хамба лам оюутнуудын сонирхсон асуулт бүрт дэлгэрэнгүй хариулж, эрдэмтэн судлаачидтай цаашид хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Айлчлалын эхэнд Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Ягеллоны Их Сургуулийн Олон улс, улс төр судлалын факультетын декан, профессор Пётр Байор, Хүний нөөц, хөгжлийн асуудал хариуцсан декан, профессор Кшиштоф Козьбял болон Философийн факультетын декан, профессор Элжбета Пшибыл-Садовска нартай албан ёсны уулзалт хийв.

Тус айлчлалаар БНПУ-ын Краков хот дахь Ягеллонийн их сургуулийн Олон улсын харилцаа эрхэлсэн проректор  проф. доктор. Ярослав Горняк, тус их сургуулийн Ойрхи ба Алс Дорнодын хүрээлэнгийн захирал проф. доктор. Лукаш Фидерек, Харьцуулсан соёл иргэншил судлалын тэнхимийн эрхлэгч проф. доктор. Марта Кудэлска болон Олон улсын хамтын ажиллагааны хэлтэсийн эрхлэгч доктор. Изабела Зависка нар тэргүүн хамба болон эрдэмтэн судлаачидад, Ягеллонийн их сургуулийн үйл ажиллагаа, судалгааны ажлуудаас танилцуулан буддизм буддын гүн ухаан хүн төрөлхтний соёл иргэншилд хэрхэн нөлөөлөх талаар эрдэмтэд харилцан санал солилцсноос гадна, Ян Павел II-ийн Пап ламын их сургуулийн проректор проф. Анжей Киелиан болон бусад төлөөлөгчидтэй уулзан  ярилцах явцад Тэргүүн хамба номун хан Жавзандорж  Буддизм болон шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх боломж, хүн төрөлхтөний ёс суртахуун, шудрага ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал нэгдэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллахаар санал нэгдэв. 

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэний Оюундарь, Монгол Улсын ерөнхий консул Цахиурын Уртнасан, Гандантэгчэнлин хийдийн тамгын лам Баяр, доктор, профессор Мишиг-Ишийн Батаа болон Ягеллоны их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал, доктор Изабела Зависка, Харьцуулсан соёл иргэншил судлалын хүрээлэнгийн профессор Иоанна Грела нар байлцлаа.

Уулзалтын дараа Тэргүүн их хамба лам тус сургуулийн Олон улс, улс төр судлалын факультетад «Монголын Бурханы шашин түүхэн болон орчин үеийн нөхцөл байдал» сэдэвт лекц уншлаа. Тэрээр мөн байгаль экологи ба уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухааныг амьдралд хэрхэн ашиглах, шашингүй ертөнц зэрэг олон талт асуудлаар оюутан залуусын сонирхсон асуултад хариулж ярилцав.

Тус сургуулийн Дипломат цуврал семинарын хүрээнд болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг Краков дахь Монгол Улсын ерөнхий консулын газар, Ягеллоны Их Сургуулийн Философийн факультет болон Хэл бичгийн ухааны факультетууд хамтран зохион байгуулсан юм.

Сонирхуулахад, Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Ягеллоны их сургуульд тавьсан лекцээрээ Монгол дахь бурхны шашны түүхэн замнал болон түүний орчин үеийн нийгэм дэх үнэ цэнийг хүн төрөлхтний нийтлэг ёс суртахуунтай уялдуулан хүүрнэсэн юм. Тэрээр Хүннү, Түрэг, Уйгурын үеэс эхлэлтэй анхны дэлгэрэлт, Юань гүрний үеийн хоёр дахь дэлгэрэлт болон XVI зуунаас өнөөг хүртэл үргэлжилж буй гурав дахь дэлгэрэлтийн түүхийг гүн ухаан, соёлын өвийн үүднээс дэлгэрэнгүй танилцуулжээ. Монголын бурхны шашин нь зөвхөн зан үйл, сүсэг бишрэл биш бөгөөд хүний оюун ухааныг хөгжүүлэх, задлан шинжлэх логик арга зүй, танин мэдэхүйн томоохон шинжлэх ухаан болохыг лхаарамба хүний үүднээс гүнзгийрүүлэн тайлбарласан байна. Мөн өнөөгийн дэлхий дахинд тулгарч буй ёс суртахууны доройтол, талцал хуваагдлыг даван туулахад асрал, нигүүлсэл, харилцан тэгш байдлын сургааль хэрхэн тус нэмэр болохыг хөндөөд, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүр дотоод сэтгэлийн амар амгаланг олж, бие биенээ хүндэтгэх нь дэлхийн энх тайвны үндэс гэдгийг онцолжээ. Лекцийн төгсгөлд буддын гүн ухааны зарим онол, судалгааны аргууд орчин үеийн сэтгэл судлал болон квант физикийн ололтуудтай хэрхэн нийцэж, харилцан бие биенээ баяжуулж байгааг дурдсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08