Dark Light
Гадаад | 2026-11-05

ӨМНӨД СОЛОНГОС ОРМУЗЫН ХООЛОЙД ДАЛАЙН ДЭЭРЭМЧИДТЭЙ ТУЛАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Yonhap

Трампын шахалтаар Өмнөд Солонгос улс тэнгисийн цэргийн ажиллагаагаа Ормузын хоолой руу ойртуулахаар шийдвэрлэлээ

Өмнөд Солонгос улс далайн дээрэмчидтэй тэмцэх чиг үүрэг бүхий "Чонхэ" (Cheonghae) тусгай ангийнхаа ажиллагааны бүсийг Ираны хил буюу Ормузын хоолойд улам ойртуулахаар төлөвлөж байгааг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Ирантай хийж буй дайнд нь цэргийн дэмжлэг үзүүлэхийг Сөүлийн засаг захиргаанаас шаардаж, хүчтэй дарамт үзүүлсний дараа гарч байна.

Засгийн газраас тус тусгай ангийг Ойрхи Дорнодод байршуулах хугацааг сунгах тогтоолын төслийг тун удахгүй Парламентдаа өргөн барихаар зэхэж байгаа бөгөөд одоогийн хугацаа нь 2026 оны сүүлчээр дуусгавар болох хуваарьтай байсан юм.

Цэргийн хүчээ нэмж, ажиллагааны бүсээ тэлнэ

"Чонхэ" тусгай анги нь 2009 оноос хойш Адений буланд байрлаж, худалдааны хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж ирсэн түүхтэй. Өдгөө тус ангид 4400 тонн жинтэй эсминец (байлдааны усан онгоц), тэнгисийн ажиллагааны нисдэг тэрэг, гурван хүртэлх тооны хурдан ажиллагааны завь болон 300 орчим цэргийн албан хаагч багтаж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон Засгийн газрын танхимаар батлуулахаар зэхэж буй уг тогтоолын төслөөр цэргийн ангийн ажиллагааны талбарыг Оманы Дукм (Duqm) боомтын ойролцоох усан хил хүртэл өргөжүүлэх бөгөөд энэ нь Ормузын хоолойноос ердөө 650 орчим километрийн зайд оршдог байна. Үүнээс гадна Сөүлийн тал "P-8A" загварын тэнгисийн эргүүлийн нисэх онгоцыг нэмж илгээн, цэргийн бие бүрэлдэхүүнийг дахин 75 албан хаагчаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Трампын зэмлэл ба Солонгосын эрсдэл

Дональд Трамп өмнө нь Сөүлийн засаг захиргааг Ираны дайнд хангалттай тусламж үзүүлэхгүй байна хэмээн зад шүүмжилж, үүний улмаас энэ зун хоёр улсын зэвсэгт хүчний хамтарсан томоохон сургуулилтуудыг цуцалсан нь АНУ-ын гол холбоотон болох Өмнөд Солонгосыг нэлээд сандаргасан юм.

Монгол Улстай адил Өмнөд Солонгос улсын газрын тосны хэрэглээ гадаадаас бүрэн хамааралтай  бөгөөд 2025 оны байдлаар нийт түүхий тосныхоо 70 хувийг Ойрхи Дорнодоос импортолсон байна. Хамгийн гол нь эдгээр шатахууны нийлүүлэлтийн дийлэнх хэсэг нь яг энэ сөргөлдөөнтэй бүс болох Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг аж.

Ерөнхийлөгч Ли Жэ Мён өнгөрсөн есдүгээр сарын 18-нд хэлсэн үгэндээ "Улс орноо цуст мөргөлдөөнд татан оруулж болзошгүй ямар ч цэргийн хүчийг Ойрхи Дорнод руу илгээхгүй" гэж мэдэгдэж байсан ч олон улсын тэнгисийн тээврийн аюулгүй байдлыг хамгаалахад Сөүл илүү том үүрэг гүйцэтгэх шаардлагатай байгааг ийнхүү хүлээн зөвшөөрч, төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08