Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгчийг шалгаруулах аукционыг Эрчим хүчний яам өнөөдөр (2026.09.24) зохион байгууллаа. Дээрх бүсийн уурхайнуудын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг 99.5 хувь найдвартай хангах, импортын хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг ийнхүү шалгаруулав.
Аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлсэн бөгөөд хоёр нь сонгон шалгаруулалтад оролцох шаардлага ханган, дэнчингээ байршуулсан юм. Уг аукционы үнийг 9.7 ам.цент/кВт.ц-аас эхлэн дуудсан бөгөөд оролцогчид эл дүнгээс доогуур үнэ санал болгон өрсөлдлөө.
Улмаар 7.9 ам.цент/кВт.ц үнийн санал өгсөн “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК, “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-ийн түншлэл шалгарав. Уг түншлэлийн төлөөлөлд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлогч Г.Энхтүвшин батламж гардууллаа. Аукционы өөр нэг оролцогч нь “Энвижн Монголиа Нью Энержи” ХХК, “Энвижн Энержи” ХХК, “Шанхай Рүйжин Энержи Техноложи” ХХК-ийн түншлэл байсан юм.
Шинэ эх үүсвэрийн холбох дээд чадлын хувьд 530 МВт (Оюутолгойн дэд станцад 260 МВт-ын, “Зэс-Оюу” дэд станцад 270 МВт-ын нар, салхины эх үүсвэр холбогдоно) байх бөгөөд байршил болон процедурыг Засгийн газрын 310 дугаар тогтоолоор баталсан.
Одоогийн байдлаар “Оюутолгой” компани БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд дунджаар 1.6 тэрбум кВт.ц эрчим хүч худалдан авч байгаа бөгөөд гэрээний хугацаа 2030 онд дуусна. Тус компанийн импортолсон эрчим хүч болон төлбөр 2020-2026 онд тогтмол өсөж ирсэн юм. Мөрдөх тарифыг хэлэлцэн, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс баримталдаг байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мөрдөж буй энергийн тариф 9.81 ам.цент/кВт.ц байгаа юм. Энэ нь шинэ эх үүсвэрээс нийлүүлэх 7.9 ам.цент/кВт.ц тарифаас 24 хувиар өндөр гэсэн үг. Өдгөө “Оюутолгой” эрчим хүчний импортод жил бүр 120-140 сая ам.доллар төлж буй. Түүнчлэн цаашид буюу 2027-2030 онд импортын хэмжээ жилд 1.87-2 тэрбум кВт.ц-т хүрэх тооцоо бий.
Шинэ эх үүсвэр барихад төсвөөс мөнгө гарахгүй, хугацаа алдахгүй, үнэ буурах, эрчим хүчний систем шинэ цэвэр эх үүсвэртэй болж хэрэглээгээ хангах, импортын хамаарлыг бууруулах, импортод зарцуулж буй валютыг дотооддоо үлдээх зэрэг ач холбогдолтой. Энэ удаагийн дуудлага худалдаа нь зөвхөн тарифын өрсөлдөөнөөр хязгаарлагдаагүй бөгөөд сэргээгдэх эх үүсвэрээс 99.5 хувийн найдвартай, тогтвортой хангах техникийн шийдэл шаардсанаараа онцлог.
Аукцион зохион байгуулан үнийг өрсөлдөөнөөр тогтоож, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулахдаа ил тод, шударга, нээлттэй байх зарчим баримтлан, тэгш боломж бүрдүүллээ. Аукционыг Эрчим хүчний яамны болон мэдээллийн хэрэгслүүдийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэсэн юм.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд аукцион зохион байгуулж, таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барих гүйцэтгэгч шалгарч байв. Анхны аукционы хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Булганы Орхон, Дундговийн Сайнцагаан, Өвөрхангайн Хархорин, Хэнтийн Хэрлэн суманд нийт 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц-ийн батарей хуримтлуур ашиглалтад оруулахаар зорьж буй.
АДМИН








Нийгэм




