Dark Light
Нийгэм | 2026-09-29

БУЛГАН УУЛЫН ЯНГИРУУД 100 ДАВЖ, ИХ ТАМИРТ ЦООХОР ИРВЭС ЭРГЭН ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол орны 21 аймгийн төлөөллөөс бүрдсэн “Монгол 99” төгсөгчдийн холбооны удирдлагуудыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус холбооны зүгээс орон нутагт хэрэгжүүлж буй байгаль хамгааллын сонирхолтой төсөл, санаачилгуудыг танилцуулж, салбарын яамтай хамтран ажиллах алхмуудаа хэлэлцсэн байна.

Эдгээр ажлуудаас хамгийн онцлох үр дүн нь Архангай аймгийн Булган ууланд өрнөж буй экосистемийн сэргэлт байв. Тус аймгийн 1999 оны төгсөгчдийн санаачилгаар ердөө нэг жилийн өмнө буюу 2025 онд Булган ууланд 21 янгир авчирч нутагшуулж байсан бол өдгөө тэдгээр янгирын тоо толгой хэдийнэ 100 давж өсжээ. УИХ-ын тогтоолоор 2024 онд Булган уулын түүхийн дурсгалт газрын 1820 га талбайн ангиллыг ахиулж, дархан цаазат газар болгосон нь ийм бодит үр дүнд хүргэсэн байна.

Тус бүсээс зөвшөөрөлгүй мал бүхий иргэдийг нүүлгэж, хулгайн ан болон мод бэлтгэлийг таслан зогсоосноор буга, гөрөөс, дорго, тарвага уугуул нутагтаа тогтвортой өсөж эхэлжээ. Түүнчлэн урьд нь бүртгэгдэж байгаагүй ёл, эрээн хавирга зэрэг ховор шувууд нутагшсан төдийгүй Булган уулаас 80 км-ийн зайд орших Их тамир сумын Хөх нуурын орчимд цоохор ирвэс эргэн нутагшсан нь уул усны эх, ан амьтныг хамгаалсны хамгийн том баталгаа болсныг талууд онцлов.

“Монгол 99” холбооныхон зөвхөн хангайн бүс гэлтгүй говийн бүсэд зэрлэг амьтдад зориулсан хөв цөөрөм, уст цэг байгуулах ажлыг үр дүнтэй өрнүүлж байгаа бөгөөд 2026 онд говьд нийт 14 уст цэг нэмж байгуулахаар төлөвлөжээ. Ц.Сандаг-Очир сайд Монгол Улс 2030 он хүртэл нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавин ажиллаж буйг тэмдэглээд, иргэдийн энэхүү сайн дурын идэвх санаачилгыг бүрэн дэмжихээ илэрхийллээ. Энэ хүрээнд тус холбооноос гаргасан хүсэлтийн дагуу Архангай аймаг дахь байгалийн онцгой тогтоц бүхий Хойд Тамирын гол, Хүрээ нутгийн рашаан, Чих хайрхан, Хан хайрхан зэрэг ойн сан, усны эхийг хамарсан талбайг судалж, тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг 200,000 га-д хүргэн нэмэгдүүлэх асуудлыг салбарын яамнаас шийдвэрлэхээр боллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19