Өнөөдөр бидний өдөр тутамдаа, ялангуяа аялал зугаалга, цэрэг армид өргөнөөр хэрэглэдэг үүргэвчийг олон улсад "Рюкзак" (Rucksack) гэж нэрлэдэг. Энэ нь герман хэлний Rücken буюу нуруу, Sack буюу уут гэсэн үгнээс гаралтай, шууд утгаараа "нурууны уут" гэсэн үг юм. Барууны түүхэнд орчин үеийн металл рамтай үүргэвчийг 1908 онд Норвегийн зохион бүтээгч Оле Берган анх патентжуулсан гэж үздэг. Гэвч түүхийн хуудсыг сөхвөл, түүнээс хэдэн зууны өмнө монголчууд яг энэ анатомийн бүтэцтэй, хүнд ачааг нуруунд тэнцвэртэй хуваарилдаг аяллын технологийг аль хэдийнэ бие даан зохион бүтээж, ахуйн амьдралдаа хэрэглэж байжээ.
Үүргэвчийг (Rucksack) хэн зохион бүтээсэн бэ?
Үүргэвч бол хүн төрөлхтний түүхийн явцад олон шат дамжлагаар хөгжиж ирсэн бүтээл тул яг нэг хүнийг "үүргэвчийг зохион бүтээгч" гэж хэлэхэд хэцүү. Харин бидний өнөөдөр хэрэглэдэг орчин үеийн загвартай, төмөр буюу модон рамтай үүргэвчний хөгжилд дараах хүмүүс хамгийн том хувь нэмэр оруулж, патент авч байжээ:
-
Оле Берган (Норвеги, 1908 он): Тэрээр анх удаа хүний биеийн галбирт тохирсон, ачааг нуруунд жигд хуваарилдаг металл рамтай үүргэвчийг зохион бүтээж, патентжуулсан байна.
-
Ллойд Нельсон (АНУ, 1922 он):
Тэрээр уугуул америкчуудын (индианчууд) ачаа үүрдэг хэрэгслээс санаа авч, модон рамтай, даавуун бүрээстэй "Trapper Nelson" хэмээх үүргэвчийг олноор үйлдвэрлэж, аялагчдын дунд алдаршуулжээ. -
Дик Келти (АНУ, 1952 он): Орчин үеийн хөнгөн цагаан рамтай, ачааны хүндийг түнх рүү шилжүүлдэг бүсэлхийн бүстэй үүргэвчийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь өнөөгийн аялал, цэргийн үүргэвчний суурь загвар болсон юм.
Түүхийг сөхвөл, бүр 5300 жилийн өмнө Альпийн нуруунд амьдарч байгаад хөлдсөн "Өтци" (Ötzi) хэмээх эртний хүний дэргэдээс хүртэл модон рамтай, арьсан үүргэвчний анхны хэлбэр олдож байжээ.
Монгол бадарчны "Хавчиг үүрэг" буюу дундад зууны ухаалаг үүргэвч
Монгол нүүдэлчид, ялангуяа шашны мөргөл үйлдэж, хээр гадаа хонон өнжин холын замд явган алхдаг байсан бадарчингууд "хавчиг үүрэг" хэмээх модон рам бүхий үүргэвчийг хэрэглэдэг байв. Энэ нь зүгээр нэг арьсан уут биш, харин орчин үеийн явган аяллын үүргэвчний хамгийн гол суурь зарчим болох каркас буюу рамын бүтэцтэй байснаараа гайхалтай юм.
Модоор тусгайлан хавчиж хийсэн энэхүү рам нь ачааны хүндийг унжуулахгүй, нурууния дагуу жигд хуваарилдаг тул холын замд хүний биеийг ядраадаггүй, анатомийн зөв шийдэлтэй байв. Ердөө 10-12 кг жинтэй энэхүү хавчиг үүрэгт майхан, хоол унд, бурхан тахилын хэрэгсэл гээд 47-48 нэр төрлийн зүйлийг орон зайг маш сайн хэмнэн багтааж чаддаг байжээ.
Зэлүүд газраар ганцаар зорчих бадарчин хүний хувьд аюулгүй байдал хамгийн чухал байв. Тэд хавчиг үүргийнхээ хажууд хоёр урт модон саваа бэхэлж авч явдаг байжээ. Эдгээр саваа нь ууланд алхахад тулгуур (аяллын таяг) болохоос гадна, замд тохиолдох зэрлэг амьтад болон дээрэмчдээс биеэ хамгаалах, цохилтоос бултахдаа үүргэвчнийхээ модон рамаар хаалт хийж, саваагаараа эсэргүүцэл үзүүлэх зэвсэг болдог байсан нь нүүдэлчдийн өөрийгөө хамгаалах ухаалаг тактик байв.
Холын замын супер хүнс буюу нүүдэлчдийн "нано" технологи
Холын замд явган алхах бадарчин хүнд ачаагаа хөнгөн байлгах, тэгсэн ч тэжээллэг чанараа алдахгүй байх нь амин чухал асуудал байв. Монголчууд үүнийг арвайн гурил, шар тос, борцоор шийджээ.
Бадарчингууд хуурсан арвайн гурилаа шар тостой хольж базаад, үхрийн бачим давсаг эсвэл арьсан уутанд нягтаршуулан хийж үүргэвчиндээ авч явдаг байв. Шар тос нь хэзээ ч мууддаггүй, маш өндөр илчлэгтэй тул өвлийн хүйтэнд ч хөлддөггүй давуу талтай. Нэг удаа базсан арвайн гурил, шар тосны хольцыг халуун усаар болон цайгаар зуурч идэхэд бүтэн өдрийн алхалтын эрчим хүчийг бүрэн нөхдөг байжээ. Энэ нь орчин үеийн уулын аялагчдын хэрэглэдэг өндөр илчлэгтэй уургийн багц (protein bar) болон сансрын нисгэгчдийн хүнсний хамгийн анхны нүүдэлчин хувилбар байсан юм.
Дундад зууны глобалчлал ба Монголын нөлөө
Үүргэвч гэдэг зүйлийг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс ахуйн шаардлагаар өөр өөрийнхөөрөө бүтээж ирсэн ч, Монголын Эзэнт Гүрний үед Евразийг холбосон аялал жуулчлал, худалдааны сүлжээ цэцэглэсэн нь энэ мэт аяллын соёл харилцан тархах суурь болсон байж болох талтай. Түүхч Никола Ди Космо нарын саяхан хэвлүүлсэн “Венеци болон Монголчууд: Дундад зууныг өөрчилсөн Евразийн солилцоо” номд дурдсанаар, XIII-XIV зууны үед Монголын Эзэнт Гүрэн хуурай замын асар том дэд бүтэц, засаг захиргааны аюулгүй байдлыг хангах үед Венеци, Генуягийн худалдаачид дундад зууны глобалчлалыг Хар тэнгист цогцлоож байв. Энэхүү соёлын болон эдийн засгийн асар том солилцооны явцад нүүдэлчдийн холын замд зорчих, ачаа тээвэрлэх туршлага, технологиуд Өрнөдийнхөнд уламжлагдсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
Тиймээс өнөөдөр таны үүрч буй спортлог, рамтай "рюкзак"-ны хамгийн анхны ухаалаг, анатомийн зөв шийдлийг олон зууны өмнө холын замыг туулж, дэлхийн түүхийг бичилцэж явсан Монгол бадарчингууд аль хэдийнэ санаачлан үүрч явсан байна.
АДМИН







Нийгэм




