Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд гарсан бүлэг хүчингийн хэргийн мөрдөн байцаалтыг орон нутгийн прокуророос шилжүүлэн авч, Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летиция Жэймст хариуцуулахаар боллоо. Нью-Йорк мужийн Амбан захирагч Кэти Хокул орон нутгийн тойргийн прокурорын эл хэргийг шийдвэрлэх чадварт итгэх итгэл алдагдсан тул Ерөнхий прокурорыг тусгай прокуророор томилох гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна. Шинээр ил болсон баримтууд нь Корнеллийн цагдаагийн газар болон орон нутгийн прокурорын өмнөх шийдвэрүүдэд маш том эргэлзээ төрүүлээд байгаа аж.
Энэхүү хэрэг нь 2024 оны аравдугаар сард Корнеллийн их сургуулийн "Chi Phi" оюутны зөвлөлийн байранд гарсан бөгөөд хохирогч эмэгтэйг согтууруулах ундаа, мансууруулах бодисоор дайлж, хэд хэдэн залуус бүлэглэн хүчирхийлсэн гэх гомдол юм. Орон нутгийн тойргийн прокурор Мэттью Ван Хаутен болон их сургуулийн цагдаагийн газар тухайн үед уг хэрэгт ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр хааж байжээ. Харин хохирогч эмэгтэй өнгөрсөн сард их сургууль болон хэрэгт холбогдох залуусын эсрэг иргэний шүүхэд гомдол гаргаснаар энэ асуудал дахин олны анхаарлын төвд орж, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан байна.
Хэрэг дахин сөхөгдөж, оюутнуудын харилцсан Snapchat мессежүүд зэрэг шинэ баримтууд дэлгэгдсэний дараа орон нутгийн прокурор Ван Хаутен хэргийг дахин нээсэн боловч анхны мөрдлөгийг хэтэрхий хурдан зогсоосон гэх шүүмжлэлд өртөөд байв. Иймд мужийн Амбан захирагч Кэти Хокул хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн тулд Летиция Жэймсийн ажлын албанд мөрдөн байцаалтыг бүрэн удирдах, шаардлагатай бол шүүхэд нотлох баримт бүрдүүлэн өгөх эрхийг шилжүүллээ. Одоогийн байдлаар Корнеллийн их сургуулийн удирдлагууд ч мужийн захирагчийн энэхүү шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.
Корнеллийн их сургуулийн хэрэг болон СУИС-ийн оюутнуудын дунд гарсан бүлэг хүчингийн хэрэг хоорондоо маш олон талаараа ижил төстэй, эмгэнэлтэй дүр зургийг харуулж байна.
Эдгээр хоёр хэрэгт ямар нийцэл, ижил төстэй нөхцөл байдал байгааг дараах байдлаар харж болно.
-
Хэргийн үйлдэгдсэн хэлбэр ба арга: Корнеллийн их сургуулийн хэрэгт хохирогч эмэгтэйг согтууруулах ундаа, мансууруулах бодисоор дайлж, бүлэглэн хүчирхийлсэн гэж буруутгаж байгаа. Үүнтэй яг ижилхэн, СУИС-ийн хохирогч бүсгүй Н.Шинэцэцэг ангийнхантайгаа шинэ жилийн баярын дараа зочид буудалд үргэлжлүүлэн суух үед түүний ууж байсан коланд ямар нэгэн бэлдмэл (мансууруулах бодис) хийж, улмаар бүлэглэн хүчирхийлсэн тухайгаа ярьсан байдаг.
-
Хууль хяналтын байгууллагын эхний хариу үйлдэл (Хаалттай байдал): Корнеллийн цагдаагийн газар болон орон нутгийн прокурор анх хэргийг ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр хааж, мөрдөн байцаалтыг маш хурдан зогсоосон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Манай улсад ч мөн адил, СУИС-ийн хэрэг анх гарахад (урт хугацааны өмнө) хуулийн байгууллагаас хэргийг сунжруулж, нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хааж байсан нь УИХ-ын гишүүд болон хүний эрхийн тэмцэгчдийн зүгээс "хуулийн байгууллага хаалга сахиулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгахыг оролдсон" гэх хүчтэй шүүмжлэлд өртөж байв.Хохирогчдын урт хугацааны тэмцэл ба хэрэг дахин сэргэсэн нь: Корнеллийн оюутан асан бүсгүй олон жилийн дараа (2024 оны хэрэг) иргэний шүүхэд гомдол гаргаж, сошиал сүлжээний Snapchat мессежүүдийг ил болгосноор хэрэг олон улсын анхааралд орж, мөрдөн байцаалтыг дахин нээлгэж чадсан. СУИС-ийн хэргийн хувьд ч хохирогч бүсгүй олон жилийн дараа өөрийн биеэр цахим орчинд болон хэвлэл мэдээллээр ил гарч, эрсдэлтэй алхам хийн дуугарч, тэмцсэний хүчинд хэргийг хуулийн байгууллагаар дахин шалгуулж, улмаар шүүхийн шатанд шилжүүлж чадсан юм.
Эдгээр хэргүүд нь хаана ч, ямар ч улс оронд (дэлхийн шилдэг Ivy League-ийн их сургууль эсвэл Монголын урлагийн сургууль ч бай) оюутны хотхон, залуусын дундах бүлэглэсэн хүчирхийлэл болон түүнийг нуун дарагдуулах гэсэн тогтолцооны гажуудал яг адилхан байдгийг харуулж байна.
ТАТАР МАЙДАР






Нийгэм


