Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хүрэн баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч, айл руу халдсан ноцтой хэрэг гарч, нэг хүний амь нас эрсджээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, арваннэгдүгээр сарын 7-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд БЗД-ийн 35 дугаар хороо, Улиастайн амны Бурхант хошуу, Хужирбулан орчмын алслагдмал айлын гэр рүү хүрэн баавгай дайрсан байна. Халдлагын улмаас 50 гаруй насны эрэгтэй газар дээрээ амь эрсэдсэн бол 40 гарч яваа эмэгтэй хүнд бэртэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд гараад байсан "хүүхэд өртсөн" гэх мэдээллийг худал болохыг няцааж, хохирогчид хоёул насанд хүрэгчид байсныг мэдэгдлээ.
Уг хэрэг гарсан байршил нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороодтой залгаа тул баавгай дээд эхээрээ дамжин зорчих өндөр эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Одоогоор баавгайг олоогүй бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газар болон Онцгой байдал, Цагдаагийн хамтарсан бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Нийслэлийн зүгээс ойр орчмын оршин суугчдад сонор сэрэмжээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг уриаллаа.







Нийгэм




