Манайхан сүүлийн үед Солонгос драмад толгойгоо мэдүүлж, Тэгү, Сөүл рүү "визгүй" нисэхийг мөрөөддөг болсон нь зүгээр ч нэг тохиолдол биш бололтой. Учир нь түүх, генетикийн урт нарийн жимээр хөөгөөд үзвэл тэд чинь бидний "хөх толботой" холын садан байх өндөр магадлалтай гэнэ шүү. Ингээд Азийн "дуулиант" хөршүүдийн үүсэл гарлыг арай хөгжилтэй хэлбэрээр уншиж сонирхоцгооё.
Тэнгэрийн хүү ба Баавгай хоёрын "Хайрын түүх"
Корё нарын өөрсдийнх нь домогт өгүүлснээр тэд угаасаа "Тэнгэрлэг" гаралтай. Дээд тэнгэрийн бурхны хүү дэлхийд бууж ирээд, хүн болохыг хүссэн нэгэн эмэгчин баавгайг үзэсгэлэнт бүсгүй болгон хувиргаж, түүнтэй гэрлэснээр когуре буюу солонгос үндэстэн үүссэн гэдэг. (Энэ домгийг ярьж өгсөн солонгос охин "Би өвлийн цагт яагаад ийм их унтаад байдгийн нууцаа оллоо, би чинь баавгайн удам" гэж хошигносон байдаг). Тэр үед нэг бар бас хүн болох гээд шалгуурт нь уначихсан болохоор корейчуудын өвөг эцэг болж чадаагүй харамсалтай түүх бий.
Япон, Хятадуудын "тэгж яривал..." гэх атаархал
Солонгосуудыг түүхэндээ олон удаа дээрэлхэж байсан япончууд тэднийг "Хагас япончууд" гэж даажигнадаг бол, Хятадын түүхчид болохоор "Хагас дутуу хятадууд" гэж өмчилдөг байж. Гэвч бодит байдал дээр бидни й ярьдагаар Со нар бол хэн нэгний хуулбар биш, харин маш өвөрмөц "холимог коктейль" юм.
Алтайн нуруу, Байгаль нуураас нүүдэллэсэн "дайчин эрчүүд"
Манай эриний өмнөх 5-р зууны үед монголын өвөг дээдэс Хүннү гүрэн хүчирхэгжиж, хавийн аймгуудыг "жийж" эхлэхэд Алтайн нуруу, Маньжуур, Байгаль нуур хавиар нутаглаж байсан нүүдэлчин аймгууд урагшаа Солонгосын хойг руу дүрвэсэн байна. Тэд тэнд очоод маш зэрлэгээр, цэргийн хүчээрээ нутгийн тариаланчдыг Япон руу хөөж гаргаад (тэдгээр дүрвэгсэд нь одоогийн Японы соёлын суурийг тавьсан Яёй хүмүүс юм), газар нутгийг нь эзэлжээ.
Тэгэхээр орчин үеийн солонгосчуудын эцгийн талын ген нь яг тэр Алтайн дайчин нүүдэлчдээс гаралтай.
Хамгийн гол баримт: Өгзөг дээрх "Монгол толбо"
Солонгос хүүхдүүд төрөхдөө яг л монгол хүүхдүүд шиг бөгсөн дээрээ хөх толботой төрдөг. Энэ нь тэднийг яах аргагүй Төв Азийн нүүдэлчидтэй цусан төрлийн холбоотойг илтгэх байгалийн "Тамга" юм.
Мөн тэдний хэлийг өнөөдөр "бие даасан, ямар ч хэлтэй төсөөгүй" гэдэг ч суурь бүтэц, грамматик нь яг л Алтайн язгуурын монгол хэлтэй агаар нэг, ижил логикоор сэтгэж ярьдаг байна.
Дүгнэлт: Со нар уран зөгнөлт драмагаа сайн бичдэг нь бөө мөргөлийн зөн билэгтэй монгол анчдаас, газар тариалангаа сайн хөгжүүлсэн нь Өмнөд Хятадын тариаланчдаас, харин К-Поп соёл болон дэлхийг байлдан дагуулж буй шаргуу, дайчин зан нь манай тал нутгийн монгол нүүдэлчдээс уламжлагдаж ирсэн байна. Тэгэхээр солонгосчууд бол ердөө л "жаахан соёлжсон, К-поп бүжиглэдэг холын монголчууд" ч юм уу?
ТАТАР МАЙДАР






Нийгэм



