Бүгд Найрамдах Хайти Улс дахь зэвсэгт гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх, дотоодын аюулгүй байдлыг тогтворжуулах зорилготой олон улсын цэргийн "Гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх хүчин" (GSF)-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Бэлтгэл болон тактикийн жигдрэлтийг бүрэн хангаж дууссаны дараа эхлүүлсэн тус ажиллагааны нээлтийн ёслолд Хайти Улсын Ерөнхий сайд Алиш Дидье Филс-Эйме, Засгийн газрын гишүүд болон НҮБ-ын албанны төлөөлөгчид оролцсон байна.
Энэхүү олон улсын цэргийн тусгай ажиллагааны ерөнхий командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд Монголын зэвсэгт хүчний цэргийн баг түүний удирдлага дор тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж байна. Нээлтийн үеэр Хайти Улсын Ерөнхий сайд Алиш Дидье Филс-Эйме хэлсэн үгэндээ, саяхан болж өнгөрсөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, үр дүнтэй санал солилцсоноо онцлон тэмдэглэв. Тэрбээр дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан арвин туршлагатай Монгол цэргүүдийн ур чадвар, сахилга бат, тэвчээрт бүрэн итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Тус ажиллагаа нь Хайти улсын нийслэл болон бусад бүс нутгуудад хяналтаа тогтоогоод байсан зэвсэгт бүлэглэлүүдийг дарах, хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын тусгай ажиллагааг командлах болон гүйцэтгэх дээд түвшинд оролцож байгаа нь манай улсын цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд дахин өндөрт өргөсөн үйл явдал болж байна.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




