Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид өнөөдөр /2026.10.09/ “Нийгмийн хамгааллын тусгай төв” болон “Хүүхэд, залуучуудын сургалт, хөгжлийн цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, өдөр тутамд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат болон холбогдох албаны төлөөлөл оролцов.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь 2003 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд гэр оронгүй, нийгмийн эмзэг нөхцөлд байгаа иргэдийг бүртгэлд хамруулах, түр байрлуулах, хоол хүнс, эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн халамжийн суурь үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй. Тус төв нь 2026 оны зургаадугаар сараас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нэг дор 250-300 иргэнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.
Төвийн дарга Ш.Мөнхцэцэг үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, үзүүлж буй үйлчилгээ болон нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаа танилцууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 92 хувь нь архины хамааралтай, 80 хувь нь эрүүл мэндийн даатгалгүй, 90 хувь нь бичиг баримтгүй байгаа нь тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгэмших, бие даан амьдрахад хүндрэл учруулж байгааг хэлэв. Мөн эмч, сувилагчийн орон тоо, хүний нөөцийн хүрэлцээ, ажилтнуудын нийгмийн баталгаа, үйлчлүүлэгчдийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, нийгэмшүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг дурдлаа.
Шинэ байр ашиглалтад орсноор гудамж талбай, худалдааны төв, орц, траншейнд хоноглон амьдардаг иргэдийн тоог бууруулах, бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийг нийгэмшүүлэх чиглэлээр бодит үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ зөвхөн нийслэлийн төсвөөс хамааралгүйгээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бусад байгууллагатай хамтран ажиллах замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг зорьж байгаа аж.
“Хүүхэд, залуучуудын сургалт, хөгжлийн цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Амгалан байгууллагын үйл ажиллагаа, хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээний талаар танилцууллаа. Тус цогцолборт 70 гаруй хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн хүний нөөц, сургалтын орчин, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудлын нэг байгааг мэдээлэв.
Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлсэн. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа байгууллагуудын бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлс, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн олон улсын сайн дурын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, үйлчлүүлэгчдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит ажлуудыг хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. НИТХ-ын төлөөлөгч М.Отгонболд байгууллагуудын санхүүжилт, нэг үйлчлүүлэгчид ногдох зардал, мөрдөж буй норм, стандартын талаар тодруулж, олон улсын төсөл, хөтөлбөр татан хэрэгжүүлсэн туршлага, үр дүнг цаашид нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатайг хэллээ. Түүнчлэн хоёр байгууллагын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, орон сууцны хэрэгцээг бодлогын түвшинд авч үзэж, холбогдох шийдвэр гаргахад анхаарах нь зүйтэй гэв.
Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Ү.Оюунзул хоёр байгууллагын үйл ажиллагааг зөвхөн тухайн байгууллагын хүрээнд авч үзэх бус, нийслэлийн хэмжээнд нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийн асуудалтай уялдуулан шийдвэрлэх шаардлагатай гэв. Тэрбээр “Асуудлыг цаасан дээр тунхаглаад өнгөрөх бус, бодит хөрөнгө оруулалт, тодорхой арга хэмжээгээр шийдвэрлэх хэрэгтэй. Энд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудал, цалин хөлс, орон сууцны нөхцөлд анхаарахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийг хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах боломжтой болгох чиглэлээр үр дүнд хүрэх нь чухал” гэлээ.
Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг хамтран боловсруулахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжлийн хороо анхаарч ажиллахаа илэрхийллээ.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат нийгмийн хамгааллын асуудлыг зөвхөн нийслэлийн хүрээнд шийдвэрлэхэд хязгаарлалт байгааг дурдаж, орон нутгаас Улаанбаатарт ирсэн иргэдэд үйлчилгээ үзүүлж буй нөхцөлд холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар онцлов. Түүнчлэн архины хамаарал, эрүүл мэндийн даатгал, бичиг баримтын асуудлыг цогцоор нь авч үзэж, байгууллагуудын үндсэн үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэв.
Уулзалтын төгсгөлд, хоёр байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тусгай төлөвлөгөө боловсруулж, Хүний хөгжлийн хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран асуудлуудыг шийдвэрлэх, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд анхаарч, бодит үр дүнд хүрэхэд чиглэн ажиллана гэлээ.
АДМИН






Нийгэм




