Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, төрийн болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий, Алтанбулаг сумын нутгаар дайран Эмээлт чиглэлд холбогдож буй III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тонны голын даацтай төмөр зам юм.
Төслийн хүрээнд 4 өртөө, 3 зөрлөг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Үүний дараа Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулахыг “Монголын төмөр зам” ТӨХК-д үүрэг болгож, мөн оны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаар тогтоолоор барилгын ажлын зөвшөөрлийг олгосон. Улмаар Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар тогтоолоор төмөр замыг Эмээлт чиглэлд үргэлжлүүлэн холбохоор шийдвэрлэсэн.
Уул, толгод, хөндий бүхий газар зүйн онцлогтой бүс нутгаар төмөр замын трасс байгуулахын тулд нийт 33 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын далан, ухмал зэрэг доод бүтцийн үндсэн ажлуудыг хийж дуусгалаа.
Энэ нь төмөр замын нэг километрт дунджаар 260 мянга орчим м³ газар шорооны ажил ногдож буй үзүүлэлт нь бүтээн байгуулалтын цар хүрээ, инженерийн ажлын нарийн төвөгтэй байдлыг илтгэж байна. Төслийн 43 дугаар км орчимд 33 метр гүн, 3.13 км урт ухмал байгуулж, зөвхөн энэ
хэсэгт 4 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэсэн. Танилцуулгад Монгол Улсад хийгдсэн хамгийн гүн ухмал хэмээн онцолсон уг байгууламж нь уулын тогтцыг нэвтлэн төмөр замын шаардлагатай хэвгийг хангах инженерийн томоохон шийдэл юм.
Төслийн 43 дугаар км орчимд 33 метр гүн, 3.13 км урт ухмал байгуулж, зөвхөн энэ хэсэгт 4 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэсэн нь бүтээн байгуулалтын онцлох инженерийн шийдлүүдийн нэг юм. Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын түүхэн дэх хамгийн гүн ухмал хэмээн төслийн танилцуулгад тодотгосон энэхүү байгууламж нь уул, толгодын тогтцыг сэтлэн, төмөр замын шаардлагатай хэвгийг техникийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэснээрээ онцлогтой.
Төслийн хүрээнд төмөр замын трассын дагуух 8 байршилд нийт 1279.1 урт метр гүүрэн байгууламжууд барьж байгуулсан. Үүний нэг нь Туул гол дээгүүр баригдсан 476 метр урт гүүр бөгөөд Монгол Улсын хамгийн урт төмөр замын гүүр болж байна.
Үндэсний таван компанийн оролцоотойгоор бүтээн байгуулсан уг гүүр нь 20 тулгуур, 38 дам нуруутай бөгөөд төслийн инженерийн онцлох байгууламжуудын нэг юм.
Түүнчлэн төслийн хүрээнд 22 метр өндөр, 176 метр урт төмөр замын гүүр барьсан нь Монгол Улсад өнөөг хүртэл баригдсан хамгийн өндөр төмөр замын гүүр болж байна. Энэхүү гүүрэнд газар хөдлөлтийн үед үүсэх чичиргээ, хэлбэлзлийн нөлөөллийг бууруулах зориулалттай тусгай төхөөрөмж буюу дампер суурилуулсан нь бүтээцийн тогтвортой байдал, ашиглалтын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн инженерийн онцлог шийдэл юм. Мөн байгалийн усны урсацыг төмөр замын далангийн доогуур саадгүй нэвтрүүлж, далангийн угаагдал, эвдрэлээс сэргийлэх зорилгоор нийт 127 ширхэг төмөр бетон ус өнгөрүүлэх хоолой барьж байгуулжээ.
Эмээлтийн хэсэгт төмөр зам, авто замын хөдөлгөөнийг нэг түвшинд огтлолцуулахгүйгээр, өөр өөр түвшинд зөрүүлэн нэвтрүүлэх нүхэн гарц барьж
байгууллаа. Энэхүү 50 метр урт, 6 метр өндөр, 11.5 метр өргөн байгууламжийг монгол инженер, техникийн ажилтнууд гурван сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд авто тээврийн хэрэгслийг галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүйгээр, саадгүй, аюулгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой. Түүнчлэн төмөр замын дээд бүтцийн ажлын хүрээнд 20.360 тонн зам төмөр, 289.660 ширхэг төмөр бетон дэр, 418.605 м³ буталмал чулуун чигжээс, 64 ширхэг суман шилжүүлэг, 579.321 ширхэг зам төмрийн бэхэлгээ угсарч, төмөр замын дээд бүтцийг байгуулав.
Хангайн бүсэд Монголчуудын өөрсдийн хүчээр барьж байгуулсан энэхүү төмөр зам нь үндэсний инженер, техникийн чадавх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг харуулсан томоохон бүтээн байгуулалт боллоо.
Төслийн барилга угсралтын ажилд үндэсний 161 аж ахуйн нэгж, 4000 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан, тэдгээрийн дотор орон нутгийн 1000 гаруй иргэн оролцож, 1500 гаруй машин механизм, тоног төхөөрөмжийг дайчлан, хоногийн 24 цагийн тасралтгүй зохион байгуулалтаар ажиллажээ. Энэхүү бүтээн байгуулалт нь төмөр замын сүлжээг өргөжүүлэхийн зэрэгцээ үндэсний компаниудын инженерийн чадавх, мэргэжлийн ур чадвар, томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх туршлагыг бэхжүүлснээрээ онцлогтой.
АДМИН








Нийгэм




