НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ФАО)-ын төв байранд зохион байгуулагдаж буй "Дэлхийн хүнсний форум 2026" (World Food Forum)-ын албан ёсны үзэсгэлэнгийн үеэр Монголын үндэсний хоол, цайны соёлыг сурталчлах сонирхолтой хоолны шоу (Cooking Show) амжилттай боллоо хэмээн World Food Forum Mongolia Chapter мэдээллээ.
Тус форумын “Үрнээс Хүнсэнд 2” (Seed to Food 2) тусгай асрын талбайд Монголын төлөөлөгчид гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулан Монголчуудын хамгийн дуртай уламжлалт хоол болох цуйванг газар дээр нь бэлтгэн дайлсан байна.

Итали орц ба Монгол технологийн нэгдэл
Энэхүү хоолны шоуны хамгийн өвөрмөц шийдэл нь хоолны үндсэн түүхий эд болох улирлын чанартай шинэхэн хүнсний ногоо, амтлагчдыг Италийн орон нутгаас бэлтгэсэн явдал байв. Италийн шинэхэн орцуудыг Монгол цуйван хийх уламжлалт арга болох гурилаа өөрөөр нь жигнэж, мах ногоотой нь холих технологиор бэлтгэсэн нь хүрэлцэн ирсэн гадаадын зочдод туйлын шинэлэг, өвөрмөц амтыг мэдрүүлжээ.
Хатаасан гоймонг усанд чанаж бэлтгэдэг Италийн алдартай паста (Pasta) соёлтой туйлын төсөөтэй хэрнээ гар аргаар элдэж, ууранд жигнэж хийдэг Монгол цуйвангийн технологи нь Ром хотын иргэд болон олон улсын дипломатуудын анхаарлыг татаж, хоолны соёлын нэгэн сонирхолтой гүүр болж чадсан байна.

Нүүдэлчний цайны соёл ба зочломтгой зан
Цуйвангаас гадна Монголын төлөөлөгчид үндэсний цай бэлтгэх уламжлал, аягалах, барих ёслолын зан үйлийг танилцууллаа. Үүгээрээ дамжуулан Монгол түмний нүүдэлчин өв уламжлал, зочломтгой зан чанар болон хүнсийг дээдлэх гүн хүндэтгэлийг олон улсын тавцанд сурталчлав.
Арга хэмжээг зохион байгуулагчид "Хоол хүнс гэдэг зөвхөн амт чанар төдий зүйл биш бөгөөд энэ нь хүмүүс, улс орнуудын соёл иргэншил, уламжлалыг хооронд нь холбодог хамгийн хүчтэй зэвсэг юм" гэдгийг онцоллоо.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




