Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, үйл ажиллагаа, сургалт бэлтгэл, хүний нөөцийн хөгжил, инновацийн бүтээлүүдтэй танилцлаа.
Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Чимэдгочоогийн Цогтжаргал командлалын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулав.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд командлалын инновацийн бүтээлүүд, зэвсэг техник, номын сан, англи хэлний болон сургалтын танхимууд зэрэг цэргийн алба хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бүрдүүлсэн орчин нөхцөлтэй танилцлаа.
Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Хуурай замын цэргийн командлалын цэргийн инженерүүдийн бүтээл болох өнгөлөн далдлалтын инженерийн тор, халхлалтын утаат хэрэгсэл, артиллерийн галын хяналтын систем, инженерийн удирдлагын систем зэрэг төслүүдийг дэмжиж, Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, туршилт, үнэлгээнд үндэслэн Зэвсэгт хүчний хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлахаар боллоо.



Эдгээр төсөл нь дотоодын инженерүүдийн мэдлэг, ур чадвар, зохион бүтээх чадавхыг бодит хэрэглээтэй холбож, батлан хамгаалах салбарын технологийн хөгжил, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж байна.
Хуурай замын цэрэг нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндсэн хүчний нэг бөгөөд түүний чадавхыг бэхжүүлэхэд цэргийн мэргэжлийн боловсон хүчин, зэвсэглэл техникийн найдвартай ажиллагаа, сургалт бэлтгэлийн чанар онцгой ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд олон улсын хамтарсан сургалт, дадлагыг өргөжүүлэх, цэргийн инженерийн чадавхыг хөгжүүлэх, зэвсэглэл техникийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж байна.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




