БНХАУ болон Төв Азийн орнуудын археологийн хамтарсан багууд эртний Торгоны замын дагуух түүхэн дурсгалуудыг илрүүлэх, соёлын өвийг хамгаалах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна. Энэхүү соёлын солилцоо, судалгааны ажил нь Евразийн тал нутгийн эртний түүхийн цагаан толбыг нөхөхөд чухал хувь нэмэр оруулж байгаа тухай Синьхуа агентлаг онцолжээ.
Хамтын ажиллагааны гол цэгүүд:
-
Узбекистан дахь эртний булшны судалгаа: Бээжингийн их сургууль болон Самаркандын Археологийн хүрээлэнгийн хамтарсан баг 2025 оны 8 дугаар сараас эхлэн Навои мужийн элсэн цөл, баянбүрд хосолсон нутагт "Гамхурд I" (Gamkhurd I) эртний булшны малталтыг хийж байна. Уг дурсгалыг МЭӨ II зуунаас МЭ II зуунд (Евразийн тал нутгийн нүүдэлчдийн их шилжилт хөдөлгөөний үе) хамаарна гэж үзэж байгаа бөгөөд судалгаанд 3D моделчлол зэрэг орчин үеийн байгалийн шинжлэх ухааны дэвшилтэт аргуудыг ашиглаж байна. Энэ нь Узбекистаны эртний нүүдэлчин болон суурин овог аймгуудын түүхийг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой болжээ.

-
Кыргызстан дахь соёлын өвийг аврах ажиллагаа: Чуй мужийн Ак-Бешим (эртний Суяб хот) туурь дээр Хятадын Дуньхуаны академийн шинжээчид кыргыз нөхдийн хамт хананы суурийн элэгдэл, цууралт, бүтэц алдагдалтыг зогсоохоор ажиллаж байна. Хятадын мэргэжилтнүүд эртний барилгын техникийг дуурайлган туршилтын хана барьж, цаг уурын нөлөөллийг хэмжин, бэхжүүлэх туршилтуудыг хийж эхэлжээ. Туршигдсан шилдэг аргуудыг Ак-Бешимийн туурийг анхны төрхөөр нь хадгалж үлдэхэд өргөнөөр ашиглахаар төлөвлөж байна.

Энэхүү археологийн хамтын ажиллагаа нь зөвхөн эрдэм шинжилгээний ач холбогдолтой бус, Торгоны замын дагуух соёл иргэншлүүд бие биенээсээ суралцаж, хөгжиж ирсэн түүхэн хэлхээг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




