Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын хэлсэн үг
Берлин хот, 2026 оны 10 дугаар сарын 20
Уг асуудал арай өөрөөр эргэж болох л байсан. Түүх өнөөгийн бидний мэдэх энэ хэлбэрээр өрнөхөд тохиолдол болон гэнэтийн хүчин зүйлс ямар их үүрэг гүйцэтгэснийг тунгаан үзвэл энэ нь нэг бодлын маргашгүй үнэн юм. Түүхийн олон эргэлтийн цэгүүд дээр бид "Хэрэв үйл явдал энд өчүүхэн төдий л өөрөөр эргэсэн бол юу болох байсан бол?" гэж өөрөөсөө асууж болохоор байдаг. Үүнээс үүдэн ямар алс хэтийн үр дагавартай өөрчлөлтүүд гарч болох байсан бэ?
Жишээлбэл, 13 дугаар зуунд монголчууд баруун болон өмнөд зүг рүү чиглэсэн байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж, 1241 оны Легницийн тулалдаан тэдний байлдан дагуулалтын хамгийн баруун цэг болон үлдээгүй байсан бол Ариун Ромын эзэнт гүрний хувь заяа хэрхэх байсан бол? Өнөөгийн Польш улсын нутагт орших Легниц хот нь эндээс, өөрөөр хэлбэл Берлинээс ердөө 240 км-ийн зайд оршдог. Манай улс болон өнөөгийн Монгол Улсын хоорондох 6000 орчим км-ийн зайг бодож үзвэл энэ нь үнэхээр ойрхон зай юм.
Түүхийн иймэрхүү "Хэрэв тэгсэн бол..." гэсэн таамаглал, эргэцүүлэл нь заримдаа бидэнд бодит ойлголтыг өгдөг. Энэ тохиолдолд өнөөдөр бид даяаршил дэлхий ертөнцийг нэгэн жижиг тосгон болгож, бүх зүйл улам бүр ойртож байна гэж ярьдаг ч, алс хол болж буй үйл явдлуудын ихэнх нь эрт орой хэзээ нэгэн цагт бидэнд ч бас нөлөөлдөг гэдгийг маш тодорхой ухааруулж байна. Европынхон Дундад зуун гэж нэрлэдэг тэр цаг үед ч байдал үүнээс төдийлөн өөр байсангүй.
Дэлхийн нөгөө хязгаарт, олон мянган километрийн алсад нэгэн хүн засгийн эрхэнд гарч, асар уудам эзэнт гүрнийг нэгтгэн, түүнийгээ засаг захиргааны бүтэц, хүчирхэг арми болон байлдан дагуулж, ноёрхох бараг л мохошгүй хүсэл зоригоор зэвсэглэсэн байв. Үүнээс удалгүй түүний үр удам айдсаар хүлэгдсэн Европын үүд хаалган дээр ирж зогссон юм.
Чингис хаан бол дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөөтэй бөгөөд хамгийн сүрдмээр захирагчдын нэг билээ. Энд "сүрдмээр" гэдэг үг олон утгаараа яг тохирно. Түүний байлдан дагуулалт бүхэл бүтэн соёл иргэншил, бүс нутгуудыг, хамгийн гол нь тоо томшгүй олон хүний амь насыг арчин одсон юм. Энэхүү сүрдмээр Чингис хаан өнөөдрийг хүртэл дэлхий даяарх олон сая хүний оюун санаа, төсөөллийг хөдөлгөсөөр байна. 1995 онд "Вашингтон Пост" (The Washington Post) сонин түүнийг "Мянганы хүн" (man of the millennium) хэмээн тунхагласан билээ. Үнэхээр ч хэрэв тэр байгаагүй бол Ази, мөн Зүүн Европын түүхийн томоохон хэсэг огт өөрөөр өрнөх байсан нь гарцаагүй. Түүнчлэн, түүнийг болон түүний үлдээсэн асар том нэгдмэл өв соёлгүйгээр бид өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү үзэсгэлэн шигээр "Монголчуудын ертөнц"-ийн тухай ингэж ярих боломжгүй байх байсан юм. Миний мэдэж авсан бүх зүйлээс үзэхэд үзэсгэлэнгийн нэрэнд "Монголчуудын ертөнц" болон "Чингис хаан" гэсэн нэрс ийнхүү салшгүй холбогдсон нь туйлын зөв хэрэг билээ.
Энэхүү үзэсгэлэн өөр хаана ч биш, яг энд Берлинд, Германд зохион байгуулагдаж байгаа нь огтхон ч тохиолдлын хэрэг биш юм. Манай хоёр орны хооронд археологийн салбарт эрчимтэй, үр өгөөжтэй хамтын ажиллагаа үүсээд урт хугацаа өнгөрчээ — тодруулбал 1999 оноос хойш. Арван хоёр жилийн өмнө, Профессор Флесс (Профессор Кристиана Флесс — Германы Археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч) тантай хамт бид Монголын эртний нийслэл Хархорум хотод хамтарсан малтлага хийх, дурсгалыг хамгаалах ажлыг эхлүүлж, энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байсан билээ. Хоёр жилийн өмнө, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд миний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр бид энэхүү шинэ, томоохон үзэсгэлэнг гаргах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Энэхүү агуу төслийг тууштай хэрэгжүүлж, зүтгэсэн Профессор Вемхофф (Профессор Маттиас Вемхофф — Берлиний Сургуулийн өмнөх болон эртний түүхийн музейн захирал) танд болон Профессор Чулуун (Профессор Сампилдондовын Чулуун — Чингис хаан үндэсний музейн захирал) танд онцгойлон талархал илэрхийлье. Тэр үед шийдвэрлэж байсан ажлынхаа үр дүнг миний бие Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өнөөдөр та бүхэнтэй хамт үзэж сонирхож байгаадаа туйлын баяртай байна.
Өнөөдөр энэхүү үзэсгэлэнг үзэж буй хэн бүхэн цаг хугацаа болон орон зайн аялалд гарна. Бид гайхалтай боловч бидэнд танил бус, бишрэл төрүүлэм ертөнцтэй тулгарч байна. Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн нөгөө талын, эрт урьдын цаг үеийн хүмүүстэй биднийг танилцуулж, тэдний нийгэм, улс төрийн хамтын тогтолцоо, соёлын бүтээлүүдээрээ биднийг алмайруулан гайхшруулсаар байна.
Монголын соёлын эрдэнэс, олдворуудын өмнө бишрэн зогсож буй анхны европчууд нь бид биш юм. Үзэсгэлэнгийн Хархорум хотод зориулсан хэсэгт — Чингис хааны тавьсан туйлын чухал суурь болох шинээр мандаж байсан нийслэл хотод — 1253 оны орчимд зочилж чадсан Европын нэгэн аялагчтай таарч байгаа нь маш сонирхолтой бөгөөд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой юм. Францискан урсгалын лам Гийом де Рубрук өөрийн тод томруун тэмдэглэлээрээ дамжуулан бидэнд өөрийн ажигласан амьдрал, гайхаж биширсэн зүйлс, Европын ямар ч ихэрхэлгүйгээр өөрийн нүдээр харсан тэрхүү танил бус гоо үзэсгэлэн, агуу их байдлыг мэдрэх боломжийг олгодог. Энэ бүхнийг харж, илэрхийлж чадсан гэдэг нь энэхүү харь ертөнц түүний Европын сэтгэлгээнд ямар нэгэн байдлаар ойлгомжтой, утга учиртай бууж байсантай холбоотой болов уу.
Тийм ээ, магадгүй хамгийн гайхалтай зүйл нь цаг хугацаа болон орон зайн хувьд биднээс маш алс хол орших соёлын харь өвөрмөц байдал биш, харин бид түүнийг ойлгож чадаж байгаа явдал, бид тэндээс ямар нэгэн анхны бөгөөд хүн төрөлхтний нийтлэг чанарыг олж харж байгаад оршиж байна. Үгүй ээ, бид өөрсдийн үргэлж мэддэг, хүлээн зөвшөөрдөг, эсвэл ойлгодог зүйлтэйгээ энд тулгараагүй. Маш олон шинэ, гайхалтай зүйлс байна. Гэхдээ бид сэтгэлийнхээ гүнд ойлгож чадах тийм зүйлийг харж байна.
Энэ дэлхий дээрх хүмүүсийн амьдралын мөн чанарын тухай — бусдын ойлгож чадах, тэдний сэтгэлийг гүн хөдөлгөж чадах тийм зүйлийг өөртөө агуулаагүй соёл гэж үгүй билээ. Хайр ба шаналал, бахархал ба гашуудал, итгэл ба цөхрөл: энэ бол бидний бүгдээрээнийх нь мэддэг, маш олон янзаар илэрхийлэгддэг — бас ойлгогддог мэдрэмжүүд юм. Бид үүнийг энэхүү үзэсгэлэнгээс дахин нэг удаа мэдрэх болно.
Энэхүү гайхалтай үзэсгэлэнг бүтээхэд хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлж, үзэсгэлэнд асар их амжилт, түүний хүртвэл зохих өндөр үнэлгээ, нэр хүндийг хүсэн ерөөе. Энэ удаад монголчууд Берлинд үнэхээр хүрч ирлээ – гэхдээ маш тайван, амгалан замаар энх тайвны элч болцгоож.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



