Монголын эзэнт гүрний нийслэл асан Хархорум хотоос хэдхэн километрийн зайд археологичид хүний үйл ажиллагааны мянга мянган жилийн түүхийг гэрчлэх олдворуудыг илрүүлж эхэллээ. Италийн археологич Роберта Менегаззи Монголын Баянголын хөндийд хийсэн нээлтүүд, археологийн судалгааг өөрчилж буй технологиуд болон тус улсын соёлын өвийг хамгаалахад нутгийн иргэдтэй хамтран ажиллахын ач холбогдлын талаар Novastan-ы ерөнхий редактор Матьё Лемойнтой ярилцсаныг Zogii.mn хүргэж байна.
XIII зуунд Чингис хааны үед байгуулагдсан эртний Хархорум хот нь Монголын хамгийн алдартай археологийн дурсгалт газруудын нэг хэвээр байна. Гэсэн хэдий ч түүнийг хүрээлэн буй Орхоны хөндий нь Монголын эзэнт гүрний мандалт, бууралтаас хамаагүй цааш үргэлжлэх, илүү урт хугацааны түүхийн ул мөрийг хадгалж байдаг.
Өнөөгийн Хархорин сумаас баруун хойд зүгт 14 орчим километрийн зайд орших Баянголын хөндийд Хүрэл зэвсгийн үеэс эхлээд сүүлийн үеийг хүртэлх археологийн дурсгалууд байдаг. Үүнд оршуулга, зан үйлийн дурсгалууд, суурин байж болох олдворууд болон бусад байгууламжууд багтах бөгөөд эдгээр нь дараалсан соёл иргэншлүүд энэ нутаг дэвсгэрт хэрхэн амьдарч, газар нутгийг хэрхэн өөрчилж ирснийг харуулдаг.
2018 оноос хойш Ойрхи Дорнод ба Азийн археологийн судалгаа, малтлагын Турин дахь төвийн (CRAST) Роберта Менегаззигаар удирдуулсан Хархорин дахь Италийн археологийн баг Монголын байгууллагуудтай хамтран тус бүс нутгийн археологийн өвийг судлах, сурталчлах чиглэлээр ажиллаж байна. Энэхүү төслийг Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамнаас санхүүжүүлдэг.
Эхэндээ соёлын өвийн боловсрол болон музейн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж байсан тус түншлэл 2023 оноос хээрийн судалгаа болон өргөжсөн юм. Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон Хархорум музейтэй хамтран тус баг археологийн олон арван байгууламжийг баримтжуулж, дэвшилтэт тандан судалгааны технологиудыг ашиглан Баянголын хөндийд малтлагын ажлыг эхлүүлээд байна.
Novastan-д өгсөн ярилцлагадаа Менегаззи тус багийн олсон үр дүн, Итали-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны ач холбогдол, мөн археологийн салбарт яагаад зөвхөн судлаачид төдийгүй эртний дурсгалт газруудын ойролцоо амьдарч буй иргэдийг татан оролцуулах ёстойг тайлбарлав.
— Эхлээд, Хархорин дахь Италийн археологийн баг хэрхэн байгуулагдсан талаар яриагаа эхэлье? Танай багийг Монголын энэ хэсэг рүү юу татсан бэ, мөн 2018 онд ажил эхэлснээс хойш төслийн зорилтууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
— Манай Монгол дахь ажил үнэндээ 2016 онд Турин болон Хархорин хотуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үр дүнд эхэлсэн юм. Тус гэрээгээр манай байгууллагыг (CRAST) соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахад хамгийн тохиромжтой газар гэж үзсэн.
Энэхүү гэрээ нь Монголын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжийг олгосон бөгөөд бид 2018 онд Хархорум музей болон Монгол Улсын Их Сургуультай Хамтран ажиллах санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурсан. Бидний анхны зорилго бол Хархорин бүс нутгийн түүх, археологийн баялаг өвийн талаарх ойлголт, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд туслах явдал байв.
Анх манай ажил голчлон Хархорум музейг үзэж сонирхож буй сургуулийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөрүүд рүү чиглэж байлаа. Бид музейн ажилтнууд, багш нар болон орон нутгийн соёл, нийгмийн байгууллагын хүмүүсийг хамарсан сургалтуудаар дамжуулан боловсролын үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүнүүдийг хөгжүүлж, туршсан.
Жил ирэх тусам энэхүү хамтын ажиллагаа улам бэхжиж, Монгол хамтран ажиллагсадтайгаа бий болгосон харилцан итгэлцэл шинэ боломжуудыг нээж өглөө. МУИС-ийн профессор Уламбаярын Эрдэнэбат, Хархорум музейн захирал Тэрбишийн Баяраа нар биднийг тус бүс нутагт хийж буй археологийн судалгаандаа нэгдэхийг урьсан юм.
Энэ нь манай хамтын ажиллагааны чухал шинэ шат болсон бөгөөд 2023 оноос бид Монголын эзэнт гүрний анхны нийслэл Хархорум хотын туурь болон өнөөгийн Хархорин сумаас баруун хойд зүгт 14 орчим километрийн зайд орших Баянголын хөндийд хамтран ажиллаж эхэлсэн.
— Хархорин бүс нутаг нь Монголын эзэнт гүрний нийслэл асан Хархорум хотоор хамгийн алдартай. Археологичдын хувьд Баянголын хөндий юугаараа онцгой сонирхолтой вэ, мөн энэ бүс нутгийг судлах нь эзэнт гүрний нийслэлийн түүхээс гадна бидэнд юуг хэлж өгч чадах вэ?
— Баянголын хөндий нь Хүрэл зэвсгийн үеэс эхлээд орчин үе хүртэлх археологийн дурсгалууд нэг дор өтгөн төвлөрсөнөөрөө онцлог юм. Түүний археологийн нөөц боломжийг бараг зуун жилийн өмнөөс хүлээн зөвшөөрсөн бөгөөд сүүлийн гучин жилийн хугацаанд эрдэмтдийн анхаарлыг улам бүр татах болсон.
Тус хөндий нь түүхийн хоёр том дурсгалт газартай ойрхон оршдог: Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум болон Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгас. Тиймээс энэ бүс нутгийг судлах нь тухайн нутаг дэвсгэрт хүн төрөлхтөн удаан хугацаанд хэрхэн суурьшиж ирсэн түүхийг төдийгүй эдгээр улс төрийн томоохон төвүүд болон тэдгээрийг хүрээлэн буй орчин, газар нутгийн харилцан хамаарлыг илүү сайн ойлгоход тусална.
— 2024 оны хээрийн судалгааны явцад танай баг Баянголын хөндийд археологийн 39 байгууламжийг баримтжуулсан. Та бүхэн ямар төрлийн байгууламжуудыг илрүүлсэн бэ, мөн таныг хамгийн их гайхшруулсан олдвор байв уу?
— Олон жилийн турш Баянголын хөндийг хэд хэдэн археологийн экспедициуд, тухайлбал Орхоны хөндийн өргөн уудам нутаг дэвсгэрт нарийвчилсан тандан судалгаа хийсэн Монгол-Германы хамтарсан баг судалж байсан. Өмнөх судалгаанууд Баянголын хөндийн өөр өөр бүс нутаг, суурьшлын үеүдэд чиглэж байсан нь манай ажлын чухал суурь болсон юм.
2024 оны хээрийн судалгааны ажлаар бидний баримтжуулсан археологийн 39 байгууламжийн 29 нь хиригсүүр буюу Монгол орноос олноор олддог Хүрэл зэвсгийн үеийн чулуун булш, зан үйлийн дурсгалууд байв. Эдгээр нь голчлон хөндийн налуу бэл болон түүнийг тольдон харах байгалийн тавцангуудад байрлаж байсан юм.
Эдгээр зан үйлийн дурсгалууд нь голдуу төвдөө чулуун дурсгалтай, түүнийг тойрсон дөрвөлжин эсвэл дугуй хэлбэрийн чулуун хүрээтэй байх бөгөөд ихэвчлэн олон тооны жижиг дагуул байгууламжуудтай байдаг нь Монголын Хүрэл зэвсгийн үеийн ландшафтын хамгийн өвөрмөц шинж тэмдэг юм.
Бидний анхаарлыг онцгой татсан нэг зүйл бол тэдгээрийн хөндийд маш өтгөн бүтэцтэй төвлөрсөн байдал байсан бөгөөд энэ нь өмнөх тайлангуудад төдийлөн тодорхой харагдаж байгаагүй онцлог байв.
— Танай баг археологийн дурсгалуудыг судлахын тулд дрон зураглал, олон сувагт (multispectral) дүрслэл болон гадаргуугийн дижитал загварчлалыг ашигласан байна. Эдгээр технологиуд газар нутгийн талаарх таны ойлголтыг хэрхэн өөрчилсөн бэ?
— Эдгээр технологи нь археологийн ландшафтыг судлахад маш хэрэгтэй бөгөөд харьцангуй богино хугацаанд өргөн уудам газар нутгийг хамарсан үнэн зөв, газар зүйн байршлын солбицолтой мэдээллийг цуглуулах боломжийг олгодог. Ялангуяа бидний Баянголын хөндийн судалгаанд ашигласан шиг тогтвортой далавчит (fixed-wing) дронуудын хувьд энэ нь илүү үр дүнтэй байдаг.
Хиригсүүр шиг зарим археологийн дурсгалууд нь газрын гадаргуу дээр ил харагддаг, харин зарим нь газрын хөрсөн доор байдаг Монгол шиг оронд эдгээр хэрэгслүүд маш үнэ цэнэтэй юм.
Турин хотын Политехникийн сургуулийн Архитектур, дизайны тэнхимтэй хамтран хийсэн манай тандан судалгаа нь судалж буй бүс нутгийн археологийн шинж чанаруудыг, түүний дотор ил харагдах үлдэгдэл болон газар доор булагдсан байгууламжуудын ул мөрийг нарийвчлан баримтжуулж өгсөн.
Энэ нь бидэнд Баянголын хөндийн археологийн ландшафтыг илүү бүрэн дүүрэн харах боломжийг олгож, цаашдын судалгааг төлөвлөх бат бөх суурь болсон. Ийм баримтжуулалт нь зөвхөн археологийн судалгаанд төдийгүй тухайн бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, удирдахад маш үнэ цэнэтэй юм.
— Та бүхний судалгаа урьдчилсан тандалт, зураглал хийхээс эхлээд малтлагын шатанд шилжсэн байна. Хамгийн сүүлийн үеийн хээрийн судалгааны ажлууд юуг илрүүлсэн бэ, мөн ямар асуултууд хариултгүй үлдээд байна вэ?
— 2025 онд бид Баянголын хөндийд анхны малтлагын ажлаа хийсэн бөгөөд хөндийн аманд байрлах нэгэн хүрээ бүхий байгууламжид анхаарлаа хандуулсан. Тэнд дараалсан хэд хэдэн жижиг дов толгодууд байгаа нь Монголын эзэнт гүрний үеийн суурин байж болохыг илтгэж байгаа юм.
Бидний зорилго бол энэхүү суурингийн шинж чанар, үүрэг зориулалтыг илүү сайн ойлгоход хувь нэмэр оруулах явдал юм. Энэ нь манай анхны малтлагын ажил байсан тул үр дүн нь урьдчилсан шатанд байгаа бөгөөд найдвартай дүгнэлт гаргахаас өмнө нэмэлт судалгаа шаардлагатай.
Хөндийн археологийн ландшафтын хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай хэвээр байна. Тухайлбал, суурингийн урд талд, хөндийн доод хэсэгт байрлах хоёр том хүрээтэй байгууламжийн он цаг хугацаа болон үүрэг функц хариултгүй хэвээр байна.
Бидний ажил тус бүс нутагт хийгдэж буй бусад судалгааны хамт Баянголын хөндийн түүхэн дэх үүрэг ролийг шинээр гэрэлтүүлнэ гэж найдаж байна.
— Тус баг Монгол Улсын Их Сургууль болон Хархорум музейтэй нягт хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагаа амьдрал дээр хэрхэн хэрэгждэг вэ, мөн Монгол түншүүд тань судалгаанд хэрхэн нөлөөлсөн бэ?
— Монголын байгууллагуудтай хийж буй бидний хамтын ажиллагаа бол судалгааны бүхий л шатанд жинхэнэ түншлэл байдаг.
Өмнө нь дурдсанчлан, манай Монгол дахь хээрийн судалгаа Монголын түншүүдийн урилгаар эхэлсэн. Бид хамтдаа Баянголын хөндийг судалгааныхаа гол цэг болгон сонгож, малтлага хийх байршлаа тодорхойлсон бөгөөд үүнийг МУИС-ийн профессор Уламбаярын Эрдэнэбат болон миний бие хамтран удирдсан.
Хээрийн судалгааны шат бүрт Италийн археологичид болон CRAST болон Турины их сургуулийн мэргэжилтнүүд МУИС болон Хархорум музейн хамтран ажиллагсадтай мөр зэрэгцэн ажилладаг.
Энэхүү нягт хамтын ажиллагаа нь мэдлэг, туршлага, сайн туршлагыг харилцан солилцохыг дэмжихээс гадна музейн ажилтнуудад практик сургалт хийх боломжийг олгодог.
Археологийн судалгаанаас гадна танай баг соёлын өвийн боловсрол болон нутгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцдог. Энэ нь яагаад чухал вэ, мөн оршин суугчид, ялангуяа залуу үеийнхэн үүнд хэрхэн хандаж байна вэ?
Энэ бол манай ажлын гол чиглэлүүдийн нэг юм, учир нь бид археологийн олон нийтийн хэмжигдэхүүн болон археологичид өөрсдийн судалгааны зорилго, үр дүнг өргөн олон нийттэй хуваалцах үүрэг хариуцлагад маш их итгэдэг.
Ялангуяа археологийн малтлага нь орчин тойрны бүс нутагт ихээхэн нөлөө үзүүлдэг, ялангуяа орон нутгийн иргэд газар нутагтайгаа хүчтэй холбоотой байдаг Монгол шиг оронд энэ нь бүр ч илүү чухал юм.
Ийм учраас 2023 онд Баянголын хөндийд судалгааны ажил эхэлснээс хойш бид нутгийн оршин суугчидтай яриа хэлэлцээ тогтоохоор ажиллаж байна. Хээрийн судалгааны улирал бүрийн төгсгөлд бид судалгааныхаа зорилгыг тайлбарлаж, үр дүнг танилцуулах зорилгоор уулзалт, малтлагын нээлттэй хаалганы өдрүүдийг зохион байгуулдаг.
Мөн бид хөндийд амьдарч буй хүмүүстэй цуврал ярилцлага хийсэн бөгөөд энэ нь тэдний санаа зовж буй асуудлыг сонсох, манай ажлын тодорхой чиглэлүүдийн талаарх асуултуудад хариулах, тэдний мэдлэг, дурсамжаар дамжуулан хөндийн талаар илүү ихийг мэдэх боломжийг бидэнд олгосон.
Залуу үеийнхний хувьд өмнөх жилүүдэд хөгжүүлсэн боловсролын үйл ажиллагаанууд Хархорум музейн орон нутгийн сургуулиудад зориулсан боловсролын хөтөлбөрийг өргөжүүлэхэд тусалсан. Энэхүү холбоог улам бэхжүүлэхийн тулд бид ирэх саруудад Хархорины дунд сургуулийн сурагчидтай цуврал уулзалт хийж, Баянголын хөндийд хийж буй ажлаа танилцуулахаар төлөвлөж байна.
— Эцэст нь, та төслийн дараагийн шатууд юунд хүрнэ гэж найдаж байна вэ? Мөн Монголын археологийн өвийн аль тал нь олон улсын анхаарлыг илүү их татах ёстой вэ?
— Судалгааны шинж чанартай шинжлэх ухааны үр дүнгээс гадна манай ажил Монголын баялаг археологи, соёлын өвийг Итали улсад илүү сайн таниулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна, учир нь тэнд олон нийт энэ талаар харьцангуй бага мэддэг хэвээр байна.
Судалгаагаа Монголын орон нутгийн иргэдтэй хуваалцах нь чухал гэж үздэгийн адил бид энэхүү амлалтаа Италийн олон нийтэд ч мөн өргөжүүлэхийг хүсэж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



