Dark Light
Нийгэм | 2026-10-28

НӨМРӨГИЙН ДЦГ ГАРСАН ТҮЙМЭРТ ЯПОНЫ ИРГЭД ЗАСГИЙН ГАЗРЫНХАА ХОЙРГО ХАНДСАНЫГ ЭРС ШҮҮМЖЛЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

 "Шатсан газар нь Токио хотоос 2.4 дахин том байна гэдэг цочирдом үйл явдал, амьтан ургамал устсанд зүрх зүсэгдэж байна" гэх мэтээр япон иргэд сэтгэгдэл үлдээжээ.

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн тухай мэдээллийг Монголын төдийгүй, Японы иргэд цочирдон хүлээж авчээ. Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн асуудлаар Японы цахим хэрэглэгчид тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гаргаж буй хандлага, "давхар стандарт"-ыг эрс шүүмжилж байна.

Иргэдийн зүгээс гадаадын иргэд Японы нутаг дэвсгэрт байгаль орчин сүйтгэсэн үйлдэл гаргахад дотоодын хэвлэлүүд нь шуугиж, асар их анхаарал хандуулдаг атлаа Японы компани хилийн чанадад олон улсыг хамарсан экологийн томоохон сүйрэл учруулахад харьцангуй чимээгүй өнгөрч, маш бага мэдээлж байгаад дургүйцлээ илэрхийлжээ.

Цахим сүлжээнд нэгэн хэрэглэгч: "Зөвхөн уучлалт гуйж, нөхөн төлбөр төлөх нь сүйдсэн байгаль орчныг эргүүлэн авчирч чадахгүй" хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.

Үүнээс гадна, бусад иргэд хил дамнасан экологийн эрсдэлээс сэрэмжлүүлж байна. Шатсан газар нутгийн хэмжээ Токио хотоос хоёр дахин том байгааг тэд онцлоод, түймэрт өртсөн хээрийн бүсээс үүдэлтэй шороон шуурга, цөлжилт нь зөвхөн Монгол Улсаар зогсохгүй, БНХАУ-ын нутаг дэвсгэрт ч сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэйг анхааруулжээ. 

Энэ сарын эхээр Монгол Улсын зүүн бүсэд гарсан хээрийн томоохон түймэрт Японы харилцаа холбооны KDDI компанийн охин компани болох Мобиком (Mobicom) холбоотой байж болзошгүй гэх асуудал олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөж байгаатай холбогдуулан Японы цахим хэрэглэгчид Засгийн газрынхаа хожуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эрс шүүмжилжээ.

Түймэр аравдугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын голомт бүсэд гарсан бөгөөд уг бүсэд намрын хуурайшилтын үед нэвтрэхийг хатуу хориглодог журамтай. БОАЖЯ-ны (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам) урьдчилсан мэдээгээр, Онцгой байдлын алба хаагчид 8 хоногийн турш тасралтгүй тэмцсэний эцэст аравдугаар сарын 16-нд түймрийг бүрэн унтраасан ч нийт 530,000 орчим га газар, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 470,000 га талбай буюу тус газрын 79.8% нь галд өртөж хуйхлагджээ.

Анхан шатны мөрдөн байцаалтаар, түймэр Мобиком компанийн цуваа автомашины үйл ажиллагаанаас үүдэлтэй байж болзошгүйг тогтоосон байна. Аравдугаар сарын 20-нд Японы KDDI корпораци уг түймэр Мобикомын үйл ажиллагаатай холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, тухайн үед Японы удирдах албан тушаалтан Ясүхиро Очи байсан гэдгийг мэдэгдсэн юм.

Энэхүү экологийн сүйрэл Монгол төдийгүй Японы цахим хэрэглэгчдийн дунд маш их бухимдал үүсгээд байна. Түймэр гарснаас хойш хоёр долоо хоног гаруйн дараа буюу даваа гарагт (аравдугаар сарын 26) Японы Засгийн газар анх удаа албан ёсны хариу үйлдэл үзүүллээ. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара мэдэгдэхдээ, Засгийн газар уг асуудалд маш нухацтай хандаж байгаа бөгөөд Монголын талтай нягт холбоотой ажиллаж, байгаль орчныг нөхөн сэргээхэд хамтран ажиллана гэв.

Гэвч Японы иргэд Засгийн газар болон Ерөнхий сайд Санаэ Такаичи нарыг энэ асуудлыг өнөөдрийг хүртэл огт тоолгүй явж ирсэнд дургүйцэж байна. Хэрэглэгчид "Одоо л гэж үү? Засгийн газар үүнийг хоёр долоо хоногийн өмнө хэлэх ёстой байсан", "Шатсан газар нь Токио хотоос 2.4 дахин том байна гэдэг цочирдом үйл явдал, амьтан ургамал устсанд зүрх зүсэгдэж байна" гэх мэтээр сэтгэгдэл үлдээжээ. Түүнчлэн Японы гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг эхэндээ маш бага мэдээлж байгаад олон нийтийн шүүмжлэл нэмэгдсэний дараа л гаргаж эхэлснийг шүүмжилсэн байна.

«Japan Daily» сонины Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн дор Японы цахим хэрэглэгчид Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор хариуцлага тооцох, байгаль орчныг нөхөн сэргээх асуудлаар өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлсээр байна.

Нэгэн хэрэглэгч: "Энэхүү Японы компани онгон зэрлэг байгалийг нөхөн сэргээх зардлыг бүрэн төлнө гэж найдаж байна!" хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Мөн бусад цахим хэрэглэгчид зөвхөн санхүүгийн нөхөн төлбөр олгож, уучлалт гуйх нь ийм хэмжээний байгаль орчны асар том сүйрэл, хохирлыг хэзээ ч нөхөж, урьдын хэвэнд нь оруулж чадахгүй гэдгийг онцолсон байна. Тэд буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хатуу шийтгэл оноохыг шаардаж байгаа бөгөөд хөрс, ургамлын бүрхэвч болон зэрлэг ан амьтдад учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх цогц үнэлгээ хийхийг уриаллаа.

Профессор Лянь Дэгуй "Мобикомын пассив хандлага Япон-Монголын харилцаанд сүүдэр тусгаж байна" гэж үзлээ.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн асуудал нь Япон, Монгол Улсын ойр дотно харилцаанд сүүдэр тусгаж болзошгүй бөгөөд хоёр тал өөрсдийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай тулгарна гэж Шанхайн Олон улсын судлалын их сургуулийн Японы судалгааны төвийн захирал Лянь Дэгуй мэдэгдлээ. Профессор Лянь Дэгуй мягмар гарагт «Global Times» сонинд өгсөн ярилцлагадаа уг ослын дараах хямралын менежментийг эрс шүүмжилсэн байна.

Түүний үзэж буйгаар, хамгийн гол асуудал нь осол гаргасан компани (Мобиком болон түүний толгой компани KDDI) үйл явдлыг дарах, маш идэвхгүй (пассив) хандаж буй мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэнд байгаа аж. Тус компани олон нийтийн анхаарал татахаас өөрөө урьтаж цаг хугацаанд нь тайлбар өгөөгүй бөгөөд зөвхөн шахалт шаардлага нэмэгдсэний дараа л мэдээллийг хэсэгчлэн бага багаар гаргаж эхэлжээ. Түүнчлэн Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тус компанийн хүлээх хариуцлагыг зөөлрүүлж, намжаахад тусалсан нь асуудлыг шийдвэрлэх хариуцлагатай хандлага биш гэдгийг тэрээр онцлов.

Лянь Дэгуй хэлэхдээ, компанийн зүгээс гаргаж буй энэхүү хариу үйлдэл нь тэдний хариуцлагын мэдрэмж болон хямралын үеийн менежментийн чадварт эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд үйл явдлыг жижигжүүлэн харуулж, хариуцлагаас зайлсхийх гэсэн оролдлогыг тусгаж байна гэлээ. Иймд буруутай этгээдүүдэд хуулийн дагуу маш хатуу хариуцлага тооцох ёстойг Хятадын шинжээч сануулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-осорын Учрал даваа гарагт мэдэгдэл хийхдээ, уг түймэр бол зөвхөн газар шатсан хэрэг биш, Монголын онгон байгаль, ховор ан амьтан, ургамлын асар том гарз хохирол гэдгийг онцоллоо. Тэрээр: "Уг хохирлоос хэн ч хариуцлага хүлээхгүйгээр мултрах ёсгүй. Тусгай хамгаалалттай бүс рүү нэвтрэх зөвшөөрлийг хэн, ямар зорилгоор өгсөн, галын аюулгүй байдлыг хэн хариуцаж байсан зэргийг хуулийн дагуу нотлох баримтад үндэслэн нарийвчлан шалгаж, хариуцлага тооцох болно" гэж хатуу мэдэгдсэн байна.

Түүнчлэн Шанхайн хуулийн профессор  "Хил дамнан гарсан түймрийг унтраахад Хятад улсаас гаргасан зардлыг хариуцлагын хэлэлцээрт тусгах ёстой" гэсэн аж.

Монгол Улсын Нөмрөгийн дархан цаазат газраас хил дамнан Хятадын нутаг дэвсгэрт шилжсэн хээрийн түймрийг тогтоон барих, унтраахад БНХАУ-ын талаас гаргасан асар их зардлыг буруутай талуудаас нэхэмжлэх хариуцлагын хэлэлцээрт заавал багтаах ёстой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Шанхайн Жяо Тонг их сургуулийн хуулийн профессор Ли Жиань мягмар гарагт «Global Times» сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаарх хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлалаа.

Профессор Ли Жианий онцолсноор, уг түймрийг Японы удирдах албан тушаалтан (Мобиком компанийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи) байлцсан цуваа автомашины үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг тогтоосон тул хүлээх хариуцлага, нөхөн төлбөр нь зөвхөн түймэр анх гарсан улсын (Монгол Улсын) нутаг дэвсгэрээр хязгаарлагдах ёсгүй ажээ.

"Аюул заналхийлэл хөрш зэргэлдээ улс руу дамжин тархсан тохиолдолд, тухайн эрсдэлийг арилгах, хохирлыг зогсоохын тулд гаргасан бүх зардлыг буруутай этгээдүүд бүрэн хариуцах үүрэгтэй. Тэд зөвхөн өөрийн улсын хил доторх хохирлыг нөхөн төлөхөөр хязгаарлагдаж болохгүй" хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Иймд Хятадын талын гал түймэртэй тэмцэхэд гаргасан хүн хүч, техник хэрэгслийн зардлыг олон улсын эрх зүйн дагуу нөхөн төлүүлэх шаардлагатайг хуульч санууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08