Сүүлийн жилүүдэд БНХАУ Латин Америкийн биотехнологийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийж, вакцин үйлдвэрлэх үйлдвэрүүд, ДНХ-ийн дараалал тогтоох лабораториуд болон судалгааны төвүүдийг олноор нь байгуулж байна. Хятадын “Sinovac” компани л гэхэд Бразилд ойрын таван жилд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Колумб, Чили зэрэг орнуудад ч хэдийнэ вакцины зах зээлийг нь атгаад эхэлсэн хэмээн Diálogo Américas бичжээ.
Орон нутагт үйлдвэрлэх нь тусгаар тогтнол биш
Гадаргуу дээрээ энэ нь Латин Америкийн орнуудын эрүүл мэндийн салбарыг дэмжиж буй мэт боловч цаанаа асар том хамаарлыг үүсгэж байна. Тухайн улс орнуудад баригдсан үйлдвэрүүд нь вакцины идэвхтэй найрлага, тоног төхөөрөмж, түүхий эд болон санхүүжилтийн хувьд Хятадаас 100 хувь хараат хэвээр үлддэг. Ингэснээр Хятад улс хямд үнээр бусад өрсөлдөгчдийг зах зээлээс шахан гаргаж, тухайн бүс нутгийн эрүүл мэндийн системийг өөрийн сүлжээндээ бүрэн “залгиж” байна. Цаашид ямар нэгэн хямрал эсвэл геополитикийн тэмцэл өрнөхөд Бээжин үүнийг дипломат дарамт шахалтын томоохон зэвсэг болгон ашиглах өндөр эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байгаа юм.
Генийн код ба Био-өгөгдлийн төлөөх дайн
Вакцинаас гадна илүү аюултай нэгэн зүйл байгаа нь Латин Америкчуудын генийн мэдээлэл (био-өгөгдөл) юм. Хятадын "MGI Tech" болон "BGI Genomics" компаниуд Бразил, Уругвайд ДНХ-ийн дараалал тогтоох, хавдрын оношилгооны төвүүдийг нээжээ. Энэ нь хувь хүн болон тухайн үндэстний генийн нарийн мэдээллийг Хятадын тал цуглуулах боломжийг олгож байгаа юм. Үүн дээр хиймэл оюун ухааныг (AI) ашигласнаар Хятад улс шинэ эм, биобэлдмэл гаргах судалгаанд энэ мэдээллийг стратегийн давуу тал болгон ашиглаж байна. Түүнчлэн, "BGI" компанийг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой, цэргийн зориулалттай компаниудын жагсаалтад хэдийнэ оруулжээ.
Улс орнууд өөрсдийн ард иргэдийн генийн код, эрүүл мэндийн мэдээллийг хяналтаас алдах нь үндэсний аюулгүй байдалд нь шууд заналхийлж буй хэрэг юм. Тиймээс Бразил, Колумб, Чили зэрэг орнууд био-өгөгдлийг гадагшлуулахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж эхэлсэн ч Хятадын энэхүү асар хурдтай тэлэлтийн эсрэг Латин Америкийн орнууд бүс нутгаараа нэгдсэн стандарт тогтоож, хяналтаа чангаруулахгүй бол ирээдүйд өөрийн гэсэн бие даасан байдал, эрүүл мэндийн хараат бус байдлаа Хятадын хавхлагаар удирдуулахад хүрээд байгааг судлаачид анхааруулжээ.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд




