2026 оны 10 сарын 26-нд Ромын Пап XIV Лео Улаанбаатар дахь Апостолик захиргааны тэргүүн, кардинал Жоржо Маренго болон МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, 30 дахь хамба Номун хан, лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж ламтаныг дагалдан яваа хүмүүсийн хамтаар хүлээн авч уулзсан тухай Zogii.mn мэдээлсэн билээ.
«Зэвсэггүй бөгөөд зэвсэг хураах энх тайван» (Pace disarmata e disarmante – Assisi 2026) энх тайвны олон улсын уулзалт дээр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба айлтгал хийлээ.
30 дахь хамба Номун хан, лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж ламтаны Ромын Пап XIV Лео болон оролцогчдод хандан хэлсэн айлталыг толилуулъя:
Тэрээр:
Эрхэм Поп танд,
Монголын Бурханы шашинтны нийт олны нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхны ерөөл өргөе!.
Мөн Монголын Бурханы шашны тэргүүн, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын мэндчилгээг Танд уламжилъя.
Таны бие илааршин, шашны эрхэм үйл хэргээ үргэлжлүүлэн эрхэлж буйг харахад бид туйлын их баяртай байна. Таны үйл хэрэг Католик шашинтнуудаас гадна өөр өөр шашин шүтлэгтэй олон хүнд итгэл найдвар, баяр баясгалан авчирч буй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд танд эрүүл энх, урт удаан амар амгалан наслахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Дайн, хүчирхийлэл, ядуурал, тэгш бус байдлын эсрэг өргөж буй таны дуу хоолой хүн төрөлхтнийг энх тайван, энэрэл, эв нэгдлийн төлөө нэгдэхэд уриалж, дэлхийн сая сая хүнд итгэл найдвар төрүүлж, хүн бүрийн сайн сайхны төлөө хамтран зүтгэх урам зориг өгдөг билээ.
Бид өөр өөр шашин, соёл, уламжлалтай хэдий ч дэлхийд харилцан ойлголцол, яриа хэлэлцээ, хүндэтгэлийг эрхэмлэн, энх амгаланг бүтээх нийтлэг зорилготой гэдэгт гүнээ итгэдэг.
Бурханы номлол сургаал энэрэнгүй сэтгэл, ёс суртахууны үйлдлийн үнэ цэнийг бидэнд сургадаг. Иймээс бид асрал энэрлийг түгээн дэлгэрүүлэх, ёс суртахууны үнэт зүйлсийг дэмжих, эв найрамдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд бусад шашны байгууллага, сайн санаат хүмүүстэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдаг.
Мөн энэхүү уулзалтыг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан Гэгээн Ширээт Улсын захиргаа, МБШТ- Гандантэгчэнлин хийд, Эрхэмсэг Кардинал Жоржо Маренго, Элчин сайд Д.Гэрэлмаа, зөвлөх доктор М.Батаа болон нийт холбогдох хүмүүст гүн талархал илэрхийлье.
Гэгээнтэн танд эрүүл энх, урт удаан, амар амгалан насалж, шашны үйл хэрэгтээ улам их эрч хүчтэй зүтгэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе! Таны үйл хэрэг дэлгэрч, хүн төрөлхтөнд итгэл найдвар, энх тайван, энэрэнгүй сэтгэлийг түгээсээр байх болтугай!
Хамаг амьтан аз жаргал хийгээд аз жаргалын шалтгаан лугаа төгөлдөр байх болтугай!
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай!
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд
ТАТАР МАЙДАР



Нийгэм





