Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлзүйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар сонгогдсон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зургаан эмчийг хүлээн авч уулзлаа.
Э.Батшугар: “Сургалтын хамгийн чухал үр дүн бол эзэмшсэн мэдлэг, ур чадвар, технологийг эх орондоо бодитоор нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдал юм” хэмээн онцоллоо.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яам хооронд 2026 онд шинэчлэн байгуулсан тохиролцооны хүрээнд эхний ээлжид зүрх шилжүүлэн суулгах мэс засал, бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний чиглэлээр эмч нар БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлнэ.
Сургалтын төлбөр болон олон улсын нислэгийн зардлыг төрөөс хариуцах бөгөөд эмч нар олон улсын шилдэг эмнэлгүүдийн эмчилгээний арга барил, багийн зохион байгуулалт, өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанарын сайн туршлагаас суралцах юм. Сургалтын дараа эзэмшсэн мэдлэг, ур чадвар, технологийг эх орондоо нутагшуулж, тухайн чиглэлийн тусламж, үйлчилгээг тогтвортой үзүүлэх үндэсний чадавхыг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
“Бидний гол зорилго бол Монгол Улсын иргэн шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг эх орондоо, чанар, аюулгүй байдлын зохих шаардлагад нийцүүлэн авах боломжийг нэмэгдүүлэх юм” хэмээн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
АДМИН




Эрүүл мэнд





