Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги ээлжит хэвлэлийн бага хурлаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гарз хохирол ихтэй хээрийн түймрийн сэдвээр нээж, Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв. Түймэр Японы харилцаа холбооны "KDDI" корпорацын охин компани болох “Мобиком”-ын ажилчдын зорчиж явсан автомашинаас алдагдсан болохыг Токио албан ёсоор баталж, асуудалд маш нухацтай хандаж байгаагаа мэдэгдсэн байна.
Токиогийн зүгээс үзүүлэх албан ёсны хариу арга хэмжээ болон тусламжийн багцад дараах ажлууд тусгагджээ:
-
Мэргэжилтнүүдийг илгээх: Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын ойн аж ахуй болон байгаль орчныг хамгаалах нарийн мэргэжлийн багийг Монгол руу яаралтай томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. тэд ослын газарт хүрч хохирлын хэмжээг нарийвчлан үнэлэх юм.
-
Цогц дэмжлэг үзүүлэх: Сайд Мотэги хэлэхдээ, Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, түймрийн дараах хохирлыг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэв.
-
Тоног төхөөрөмж ба хүний нөөц: Түймэрт өртсөн бүсийг дахин сэргээхэд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр Монголын хүний нөөцийг бэлтгэх багц тусламжийг үзүүлэхээ амлалаа.
Японы мэргэжилтнүүдийн гаргасан хохирлын нарийвчилсан тайланд үндэслэн тусламжийн багц дахь санхүүжилт болон хөрөнгө оруулалтын эцсийн хэмжээг албан ёсоор зарлахаар төлөвлөж байна.
Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги мэдэгдэлдээ, Монгол Улсад гарсан өргөн хүрээний хээрийн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд туслах зорилгоор тус улсын хөгжлийн тусламжийн агентлаг (JICA)-ийн ой хамгааллын мэргэжилтнүүдийг илгээхээр болсон гэв.
Мотэги хэвлэлийн бага хурал дээр "Бид Монголын засгийн газартай нягт хамтран ажиллаж, түймрийн дараах хохирлыг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэргийг багтаасан хамтын ажиллагааны багц тусламж үзүүлэх болно" гэж хэлсэн байна.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-д харьяалагдах эдгээр мэргэжилтнүүд Японы харилцаа холбооны компанийн охин компанийн үйл ажиллагааны үеэр гарсан уг түймрийн учруулсан хохирол, нөлөөллийн талаар тайлагнах үүрэг хүлээж байгаа аж.
Японы харилцаа холбооны гигант "KDDI" корпорац өнгөрсөн Баасан гарагт мэдэгдэл гаргахдаа, 10 дугаар сарын 8-ны өдөр Монгол дахь охин компани болох "Мобиком" корпорацын ажилчдыг тээвэрлэж явсан автомашины доод хэсгээс утаа гарч, улмаар түймэр эргэн тойрны өвс рүү дамжин тархсан болохыг баталсан юм. Уг осол Монголын зүүн хэсэгт орших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг түймэрт ойролцоогоор 530,000 гектар талбай шатсан бөгөөд үүнд Монгол, Хятадын хилийн ойролцоо орших тус дархан цаазат газрын газар нутгийн бараг 80 хувь нь өртжээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм





