Монголын Бурхан Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж Италийн Олон улсын байгууллагын нийгэмлэг (SIOI)-ийн Ерөнхийлөгч, Элчин сайд Риккардо Сессатай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд шашин хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар өргөн хүрээнд санал солилцсон байна.
Уулзалтын дараа Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж тус нийгэмлэгийн дэргэд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй 200 гаруй оюутан залууст зориулан лекц уншлаа. Тэрээр лекцээрээ шашин хоорондын харилцан ойлголцол, соёлын хүндэтгэл болон хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хэрхэн жинтэй хувь нэмэр оруулж болох талаар онцолж, оюутнуудын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөв.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган, Гандантэгчэнлин хийдийн Тамгын лам Э.Баяр болон доктор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, профессор Мишиг-Ишийн Батаа нарын албаны төлөөлөгчид байлцлаа.
Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд
ТАТАР МАЙДАР






Нийгэм





