Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг шуурхай шалган шийдвэрлэжээ. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ирсэн гомдлуудыг газар дээр нь хянан үзэж, холбогдох арга хэмжээг авсан байна.
Иргэдээс ирсэн гомдлуудын дийлэнх нь автобусны жолооч нар зорчигчдыг буудалд гүйцэж аваагүй өнгөрөх, хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүй зэрэг зөрчлөөс гадна зарим чиглэлийн жолооч нар ёс зүйгүй харилцаж, зорчигчдыг хэл амаар доромжилсон зэрэг ноцтой гомдол эзэлжээ. Тухайлбал, Х:13 чиглэлд явагч 3-228 гарааш дугаартай автобусны жолооч карт унших явцад зорчигчийг хэл амаар доромжлон хөөж буулгасан гомдол бүртгэгдсэн байна.
Нийтийн тээврийн бодлогын газраас зөрчил гаргасан болон ёс зүйн алдаа гаргасан жолооч нарт холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудаар нь дамжуулан сануулах, дотоод болон ёс зүйн сургалтад хамруулах арга хэмжээ авчээ. Мөн зарим жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн хариуцлага буюу торгууль ногдуулсан байна.
Иймд иргэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсаар болон албан ёсны веб сайтаар дамжуулан тогтмол мэдээлж байхыг санууллаа.






Нийгэм





