Монгол хэл, соёлоо тээгчдийг чадваржуулах дэлхийн багш нарын IV хурал Сан-Францискод амжилттай болж өндөрлөлөө
Хилийн чанадад монгол хэл, өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй багш нарын арга зүйг дээшлүүлэх, чадваржуулах дөрөв дэх удаагийн сургалт, бага хурал 2026 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд АНУ-ын Сан-Франциско хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү чухал арга хэмжээг ӨВ ХЭЛ СОЁЛ, "Гэр хүүхдийн төв", АНУ-ын Иллиной мужийн Гленвию хотын сургуулийн 34 дүгээр дүүрэг болон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) хамтран зохион байгуулсан байна. Сан-Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газарт болсон тус хуралд АНУ, Герман, Чех улсаас ирсэн өв хэлний 30 гаруй багш нарын төлөөлөл оролцож, туршлага судалж, мэргэжлийн арга зүйгээ зузаатгаад буцжээ.
Олон улсын хэлний түвшин тогтоох ACTFL удирдамжийг монгол хэлнээ хөрвүүлжээ
Хурлын үеэр онцлох нэгэн чухал үйл явдал болсон нь Гадаад хэл заах арга зүйн Америкийн зөвлөлөөс (ACTFL) гаргадаг, дэлхийн 120 гаруй улсад хэрэглэгддэг хэлний түвшин тогтоох албан ёсны удирдамжийг монгол хэлнээ орчуулж, бэлэн болгосон тухай мэдээ байв. Энэхүү томоохон ажлыг судлаач М.Саруул-Эрдэнэ, Ц.Наранцэцэг нар Иллиной мужийн Гленвию хотын сургуулийн 34 дүгээр дүүргийн багш нартай хамтран гүйцэтгэсэн бөгөөд тун удахгүй олон нийтийн хүртээл болгоход бэлэн болсныг дуулгасан юм.
Бодит бэлдэц, шинэлэг арга барилаа хуваалцав
Иллиной мужийн Гленвию хотын сургуулийн 34 дүгээр дүүргийн багш нар өв хэлтэн болон хос хэлтэй хүүхдүүдийг сургах, тэдний сургалтад эцэг эхийн оролцоог хэрхэн дэмжих вэ гэдэг асуудлаар илтгэл тавьж, өөрсдийн практик арга барилаа хуваалцсан байна. Түүнчлэн оролцогч багш нарт хичээлийн бэлэн бэлдэц, тарааж өгөх материалыг бэлтгэн хүлээлгэн өгсөн нь багш нарын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, сургалтыг чанартай явуулахад бодит хөшүүрэг болж чадсаныг зохион байгуулагчид онцолж байлаа.
МУБИС-ийн эрдэмтэн мэргэжлийн зөвлөгөө өгч, Ерөнхий Консул талархал илэрхийлэв
Сургалтад МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Эрдэнэсан урилгаар оролцож, багш нарт мэргэжлийн түвшинд хичээлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар үнэтэй зөвлөмж өгч, удирдан чиглүүлсэн байна. Тэрээр хоёр өдрийн турш сургалтад хамт сууж, хилийн чанадад сайн дураараа монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэхээр зүтгэж буй багш, эцэг эх, сурагчдын бодит нөхцөл байдалтай танилцан, тэдний хөдөлмөрийг өндрөөр үнэлэв.
Мөн сургалтын үеэр хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын танилцуулга явагдсан юм. Монгол Улсаас Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул Ж.Соёлмаа оролцогчдыг хүлээн авч уулзах үеэрээ тэднийг эх орныхоо ирээдүйд үнэтэй бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, ажлын өндөр амжилт хүслээ.
Дараагийн зогсоол — Берлин 2027
Хилийн чанад дахь монгол хэл, соёлын багш нарыг чадваржуулах сургалт, бага хурлын цар хүрээ жилээс жилд тэлсээр байна. Зохион байгуулагчдын зүгээс ирэх жилийн буюу 5 дахь удаагийн сургалт, бага хурлыг 2027 оны 10 дугаар сард ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснээ албан ёсоор зарласнаар энэ удаагийн хурал амжилттай өндөрлөлөө.
ТАТАР МАЙДАР







Нийгэм





