Dark Light
Нийгэм | 2026-11-02

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН 105 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Энэ өдрүүдэд Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч,ажилтнуудтай уулзлаа. 

Тэрбээр, ард иргэдийн эрүүл энхийн төлөө хүчин зүтгэж буй хос тангарагт цэргийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагчид болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдлын баталгаа болон хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлж ирсэн үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.

Эмнэлгийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Мөн эмч, сувилагч нар галт зэвсгийн улмаас үүссэн гэмтэл, шарх, төрөл бүрийн хордлогод өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлэхийн зэрэгцээ  цар тахлын үед тэргүүн эгнээнд байж, Турк Улсад болсон газар хөдлөлтийн дараах авран хамгаалах үйлсэд эх орноо төлөөлөн үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.

Цаашид эмчилгээ, оношилгооны олон улсын стандарт, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, үндэсний хэмжээний тэргүүлэх зэргийн эмнэлэг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар  байгуулагдсан. Эмч, ажилтнууд Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож, галын шугамаас өвчтөн, шархтнуудыг татан гаргах, цэрэг дайчдыг эмчлэх, хээрийн эмнэлгүүд байгуулах, шаталсан эмчилгээ хийх зэргээр төр, засаг, цэргийн дээд командлалаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлсэн түүхтэй.

Олон арван шилдэг эмч, сувилагч, ажилтан, алдар суутан төрүүлж, ард  иргэд, мянга мянган цэрэг дайчдын амь нас, эрүүл мэндийг авран, эрүүлийг хамгаалах болон батлан хамгаалах үйлсэд оруулсан онцгой гавьяаг нь үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Энэ шагнал бол цэргийн үе үеийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн байгуулсан зүтгэлийг Монголын төр үнэлсэн хүндэтгэл төдийгүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, цэрэг эрс, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ирээдүйн үйл хэрэгт нь хүлээлгэж буй өндөр итгэл, хариуцлага гэдгийг Ерөнхийлөгч тодотгов.

Мөн Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн оношилгооны төвийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэс заслын зөвлөх зэргийн эмч, дэд хурандаа Агваан-Осорын Ганбатад  Хүний гавьяат эмч,  Мэс заслын эмнэлзүйн төвийн Цээж, хэвлийн мэс заслын тасгийн арга зүйч, тэргүүлэх зэргийн сувилагч Цэрэндоржийн Түмэндэлгэрт Эрүүл хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Тэрбээр мөн өдөр эмнэлгийн хамт олонд бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа зэргийн талаар товч танилцуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08