Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл–2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.11.07/ Монгол Улсын Төрийн ордонд яг одоо болж байна.
“Монгол орны цэнгэг усны нөөц ба байгаль орчны тогтвортой байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулсан тус хурал нь Монгол орны усны нөөцийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, усны салбарын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Хурлын үеэр шалгарсан 17 илтгэгч эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, Монгол орны цэнгэг усны нөөцийн өнөөгийн төлөв, усны экосистемийн хамгаалал, усны чанар, бохирдол, гадаргын болон газрын доорх усны судалгаа, усны нөөцийн менежментийн асуудлыг хэлэлцэж байна.
Түүнчлэн ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл, дэвшилтэт технологи, уур амьсгалын өөрчлөлтийн усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, усны нөөцийг үнэлэх, хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах шинжлэх ухааны үндэслэлтэй арга зам, инженерийн шийдлүүдийг танилцуулна.
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, цэнгэг усны хомсдол, усны бохирдол, экосистемийн доройтол эрчимжиж буй энэ үед Монгол орны усны нөөцийн тархалт, хүртээмж, чанарыг судалж, хамгаалах асуудал улам бүр чухал болж байна.
Иймд тус хурал нь эрдэмтэн, судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнг нэгтгэхээс гадна төр, шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын Усны Инженерчлэлийн Мэргэжлийн Холбоо, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран зохион байгуулж байна.
АДМИН







Нийгэм




