АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн олон жилийн туслах, дотоод бодлогын хамгийн хатуу чанд шугамыг тодорхойлогч Стивен Миллерийг Цагаан ордны Тамгын газрын даргаараа томилж, Вашингтон дахь хамгийн нөлөө бүхий албан тушаалуудын нэгийг даатгалаа. Уг шийдвэр нь Бүгд найрамдах нам дунд хугацааны сонгуулиар Конгресст хяналтаа алдсаны дараа гарч буй Цагаан ордны томоохон бүтцийн өөрчлөлт юм.
Үүний өмнө Тамгын газрын даргаар ажиллаж байсан Сюзи Уайлс Пүрэв гарагийн шөнө албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн бөгөөд Стивен Миллер түүнийг орлож, Даваа гарагаас (2026.11.09) үүрэгт ажилдаа албан ёсоор орно.
Сонгуулийн ялагдал ба тактикийн өөрчлөлт
Өнгөрөгч Мягмар гарагт болсон дунд хугацааны сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болж, Трампын засаг захиргааны эсрэг хэд хэдэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр зэхэж буй энэ үед Миллер шинэ үүрэгт ажлаа хүлээн авч байна. Цагаан ордны албаны хүний мэдээлснээр, энэхүү томилгоо нь Трамп өөрийн бодлогоос ухрах бодолгүй байгааг илтгэж буй бөгөөд Конгресст хяналтаа алдсан Ерөнхийлөгч цаашид дотоод мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг илүү далайцтай ашиглах магадлалтай байна.
Ардчилсан намаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дараагийн даргаар сонгогдохоор хүлээгдэж буй Хаким Жеффрис энэхүү томилгооны хариуд Стивен Миллерийг "аймшигт туйлшрагч" хэмээн X (Twitter) хуудсаараа дамжуулан шүүмжилжээ.
Цагаачлалын эсрэг хатуу бодлогын "архитектор"
Өдгөө 41 настай Стивен Миллер нь Трампын хамгийн удаан ажилласан зөвлөхүүдийн нэг бөгөөд түүний анхны болон хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хоёуланд нь тасралтгүй алба хашсан цөөн хүмүүсийн нэг юм.

Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хатуу цагаачлалын эсрэг хууль тогтоомжуудыг боловсруулсан гэдгээрээ алдартай бөгөөд өдөрт 3000 хууль бус цагаачийг баривчлах шаардлага тавьж байжээ. Хэдийгээр уг хатуу бодлогыг Reuters/Ipsos-ийн сүүлийн үеийн судалгаагаар америкчуудын ердөө 36 хувь нь дэмжиж, 54 хувь нь эсэргүүцэж байгаа ч Трамп түүнийг ийнхүү өндөр албан тушаалд дэвшүүллээ.
Эхний эмэгтэй дарга суудлаа тавьж өгөв
Тамгын газрын дарга нь Ерөнхийлөгчийн гол харуул, Цагаан ордны ажилтнуудыг удирдах, цагийн хуваарийг зохицуулах, засгийн газрын бусад департамент болон хууль тогтоогчидтой харилцах харилцааг зангиддаг хамгийн чухал хүн байдаг.
Суудлаа өгч буй 69 настай Сюзи Уайлс нь АНУ-ын түүхэнд Цагаан ордны Тамгын газрын даргаар ажилласан анхны эмэгтэй байсан юм. Тэрээр энэ оны эхээр хөхний хорт хавдрын эрт үеийн эмчилгээ хийлгэж байхдаа ч ажлаа үргэлжлүүлж байсан бөгөөд Трампын эмх замбараагүй багийг сахилга баттай удирддаг, эрүүл ухаанаар ханддаг нэгэн хэмээн үнэлэгддэг байв. Тэрээр цаашид Трампын улс төрийн үйл ажиллагааны багт шилжин ажиллахаар болсон байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




