Гаалийн ерөнхий газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй сурталчлах, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг үндэслэн өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Улс хоорондын шуудан илгээмжийн удирдлага, албан хаагчид, гаалийн хяналтын бүс эзэмшигч, шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 40 гаруй ААН-ийн төлөөлөл болон 30 гаруй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, үйлчлүүлэгчид оролцож шуудангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар ярилцаж, санал солилцлоо.
Мөн Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төлөөллүүд хүрэлцэн ирж шуудангийн илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус бараа, эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, илгээгч, хүлээн авагчийн мэдээллийн үнэн зөв байдал, мэдээллийн нууцлал, хамгаалалт, мэдээлэл солилцооны эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэлээр санал солилцлоо.
Энэ онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн нийт 38 гэмт хэрэг, зөрчлийн 14 буюу 36.8 хувийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд тус хэргүүдэд хуульд заасан арга хэмжээг авч, шийдвэрлэсэн талаар тус газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Д.Амартүвшин мэдээллээ. Мөн хувийн мэдээллээ бусдад ашиглуулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлээс сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын цахим худалдаа эрчимтэй хөгжиж, улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40.5 хувиар өсжээ. Үүнийг дагаад олон улсын шуудан, илгээмжийн үйлчилгээний ачаалал, гаалийн хяналтын ач холбогдол, цар хүрээ өсөн нэмэгдэж, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч буйг өдөрлөгт оролцогчид онцолж байлаа. Мөн илгээмжийн хаяг, утасны дугаар тодорхойгүй, ачаа тээвэр, барааны мэдээлэл зөрүүтэй, холбогдох хууль, тогтоомж, журмын талаар мэдээлэл дутмагаас болж иргэдийн илгээмж шалгагдах, хяналтын бүсэд удах тохиолдол үүсэж байгааг гаалийн байгууллагаас мэдээллээ.
АДМИН






Нийгэм


