Малайз Улсын Кланг хотноо арваннэгдүгээр сарын 5-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны (FIDE) шатар сонирхогчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид онцгой амжилт үзүүлж, нийт зургаан медаль (хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл) хүртлээ.
Нээлттэй 1700 ангилалд Б.Жавхлан дэлхийн аварга боллоо
1700 хүртэлх чансаатай шатарчдын нээлттэй ангилалд (Open U1700) нийт 113 тамирчин өрсөлдсөнөөс Орхон аймгийн уугуул, “Гэгээн-Арвай” клубийн дасгалжуулагч Баянжаргалын Жавхлан түрүүлж, дэлхийн аваргын алтан цом хүртэв. Тэрээр есөн өрөг тоглохдоо нэг ч хожигдолгүйгээр найм хожиж, ганцхан тэнцэн 8.5 оноо цуглуулснаар тус тэмцээний бүх ангилал дундаас хамгийн өндөр оноо авч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер (Candidate Master) цолны болзол хангалаа. Энэ ангилалд БНХАУ-ын тамирчин Тан Керан 7.5 оноогоор мөнгө, Монголын шатарчин Мөнхбатын Батням 7 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ.
Эмэгтэйчүүдийн 1700 ангилалд монгол шатарчид тэргүүллээ
Эмэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд (Women’s U1700) Монголын шатарчид эхний хоёр байрыг эзэлж, төрийн далбаагаа зэрэгцүүлэн мандууллаа. Тодруулбал, Лхагвасүрэнгийн Долгормаа 7.5 оноогоор тэргүүлж дэлхийн аварга болсон бол түүнтэй ижил 7.5 оноо авсан Наранбаатарын Сод-Эрдэнэ нэмэлт үзүүлэлтээр мөнгөн медаль хүртжээ. Харин хүрэл медалийг тэмцээнийг зохион байгуулагч орон болох Малайзын шатарчин Куан Ри Анне (Kuan Rhe Anne) 7 оноогоор хүртсэн байна.
Эмэгтэйчүүдийн 2000 ангилалд мөнгө, хүрэл медаль хүртэв
Эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд (Women’s U2000) Украины тамирчин Анастасия Осадчук 7.5 оноогоор түрүүлсэн бол Монголын шатарчин Энхсайханы Одмаа 6.5 оноогоор мөнгө, Зоригоогийн Наранзаяа 6 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.
Монгол шатарчид медаль хүртсэн ангиллуудын дүн:
Нээлттэй 1700 ангилал (Open U1700):
-
Алтан медаль: Баянжаргалын Жавхлан (Монгол) – 8.5 оноо
-
Мөнгөн медаль: Тан Керан (БНХАУ) – 7.5 оноо
-
Хүрэл медаль: Мөнхбатын Батням (Монгол) – 7 оноо
Эмэгтэйчүүдийн 1700 ангилал (Women’s U1700):
-
Алтан медаль: Лхагвасүрэнгийн Долгормаа (Монгол) – 7.5 оноо
-
Мөнгөн медаль: Наранбаатарын Сод-Эрдэнэ (Монгол) – 7.5 оноо
-
Хүрэл медаль: Куан Ри Анне (Малайз) – 7 оноо
Эмэгтэйчүүдийн 2000 ангилал (Women’s U2000):
-
Алтан медаль: Анастасия Осадчук (Украин) – 7.5 оноо
-
Мөнгөн медаль: Энхсайханы Одмаа (Монгол) – 6.5 оноо
-
Хүрэл медаль: Зоригоогийн Наранзаяа (Монгол) – 6 оноо
Тэмцээний бусад ангиллын медальтнууд:
Нээлттэй 2300 ангилал (Open U2300):
-
Алтан медаль: Амир Тулегенов (Казахстан) – 7 оноо
-
Мөнгөн медаль: Чан Фам Куанг Минь (Вьетнам) – 7 оноо
-
Хүрэл медаль: Томаш Яскулка (Польш) – 7 оноо
Эмэгтэйчүүдийн 2300 ангилал (Women’s U2300):
-
Алтан медаль: Павитра Р В (Энэтхэг) – 7.5 оноо
-
Мөнгөн медаль: Мумтозбегим Мансурова (Узбекистан) – 7 оноо
-
Хүрэл медаль: Нитялакшми Сиванесан (Малайз) – 6 оноо
Нээлттэй 2000 ангилал (Open U2000):
-
Алтан медаль: Акил Айнуддин Науфал Ахрамся Муаммар Убайда (Малайз) – 8 оноо
-
Мөнгөн медаль: Мухтар Айнакул (Казахстан) – 7 оноо
-
Хүрэл медаль: С Манисвар (Энэтхэг) – 7 оноо
ТАТАР МАЙДАР






Спорт



